Мягмар гарагт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) хэдийгээр нийтийн эрүүл мэндэд учруулах аюул нь өндөр биш байгаа ч коронавирусийн JN.1 дэд хувилбарыг “анхаарал татсан хувилбар” ангилалд оруулсныг зарлажээ.
“Одоо байгаа нотолгоонд үндэслэн JN.1 дэд хувилбараас үүдэлтэй дэлхий нийтийн эрүүл мэндийн эрсдэлийг өнөөдрийн байдлаар бага гэж үнэлж байна” гэж ДЭМБ мэдэгдсэн байна.
Өмнө нь JN.1 дэд хувилбарын эх хувилбар BA.2.86 мөн “анхаарал татсан” ангилалд орж байсан юм.
Харин одоо дэд хувилбарын өөрийнх нь тархалт эрс нэмэгдсэн тул эх хувилбараас нь салган анхааралдаа авч байгаа юм байна.
Одоо ашиглагдаж буй коронавирусийн вакцинууд JN.1 болон бусад тархалт өндөртэй хувилбаруудын эсрэг үр дүнтэй үйлчлэхийг ДЭМБ баталжээ.
Арванхоёрдугаар сарын 8-ны байдлаар коронавирусийн бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын 15-29 хувь нь JN.1 дэд хувилбараар халдварласныг АНУ-ын эрүүл мэндийн байгууллага хэд хоногийн өмнө мэдэгдэж байв.
Гэхдээ нас баралт, өвчний хүндрэлийн эрсдэлийг нэмэгдүүлсэн гэх баталгаа нотолгоо олдоогүйг мэдээлжээ.
JN.1 дэд хувилбар энэ оны есдүгээр сард АНУ-д анх илэрч байсан юм. Өнгөрсөн долоо хоногт Хятад улсад энэ хувилбараар халдварласан долоон тохиолдол бүртгэгджээ.
Эх сурвалж: Reuters