Яах вэ, хүмүүс ээ? Өнөөдөр такси авлаа, эрээн цоoхор такси. Жолооч нь 37 настай залуу. 33-тай эхнэртэй, хоёр хүү, нэг охинтой, тавуулаа амьдарч байна. Гэргий нь хүүхдээ хардаг, ажиллая гэвч ажил олдохгүй. Айлын гал тогооны өрөөнд сарын 150.000-аар хөлсөлж суудаг. Жижиг өрөө рүү нь шилжье гэж боддог ч 220-250 мянгыг хараахан дийлэхгүй. Уг нь 2014 онд 500.000 хүртэл цалинтай ажилтай байлаа. Гэвч цомхотголоор халагдчихсан.
Одоо таксигаараа өдөрт дор хаяж 50 мянган төгрөг хийхгүй бол амьдрал зогсоох гээд байдаг. Машиныхаа төлбөрт өдрийн 25000 төгрөг өгнө. Такси компани нь хагас бүтэн сайнд ажил гэдэггүй ч ажиллахаас өөр аргагүй. Сүүлийн гурван шинэ жилийг гэр бүлтэйгээ өнгөрөөж үзээгүй, баярын үдшээр мөнгө олох бололцоог алдмааргүй байдаг болоод л тэр. 1-р ангийн охин нь \”Аав аа, та амардаггүй юм уу? Аав аа, та хаана бн? Аав аа, аав аа…” гээд л.
Сайхан насны хүмүүс. Эх орон нь авьяас билэг, эрч хүч, ажил хөдөлмөрийг нь бүрэн ашиглаж, сайхан амьдрах, өөрийгөө, хүүхдүүдээ хөгжүүлэх бололцоогоор хангах ёстой. Гэвч! …
Залуу маань ядуу байна. Өдөртөө хийдэг 50000-гаас нь машинд төлөх 25000-г хасвал 5 хүнд 25000 буюу хоногт хүний 5000 төгрөг болно. Хүн амын амьжиргааны доод түвшин (ХААДТ) болох 183,700 төг (хоногийн 6,040 төг)-өөр авч үзвэл гэр бүлийн нэг гишүүний хэвийн хэрэглээг хангахад 1,040 төгрөг дутаад байгаа юм. Манай ХААДТ 2015 онд 185,400 төгрөг байсан бол 2016 онд 183,700 хүртэл буурсан байна. Монголчуудын амьжиргаа, амьдралын чанар мууджээ. Улсын эдийн засаг, өрхийн орлого зарлага өндөр байх тусмаа ХААДТ нь өндөр байдаг.
Нэмж хэлэхэд, өрхийн орлогын дийлэнх хэсэг хоол хүнсэнд явдаг бол амьдралын чанарыг ядмагханд тооцдог. Хүн эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, хүний хөгжилд хэрэгтэй бусад олон зардлаа дийлэхгүй, амь зогоож байна гэж үздэг. Зам, байшинг хөгжил дэвшил гэж биширдэг хүмүүс монголчуудынхаа аж байдлыг энэ өнцгөөс дахин нэг эргээд харчих хэрэгтэй. Ядуурлыг эдийн засгийн өсөлт, төрийн тусгай, зорилтот бодлогоор бууруулдаг. Тоолж баршгүй хүн амтай Хятад зүтгэсээр ядуурлаа 30 жилийн дотор 88%-иас 7% болгосон. Дэлхий амаа ангайсан. Манайд эдийн засгийн өсөлт 12%-иас 1.4% хүртэл уналаа. Төрийн утга төгөлдөр бодлого үнэндээ алдагдсан. Сайжрах шинж тэмдэг харагдахгүй л байна…
Амьд мөртлөө 3 хүүхдээ эцэггүй юм шиг болтол нь хаяад үүр цайхаас эхлээд хар шөнө хүртэл үхтлээ ажиллаж яваа залууг залхуу, хохь нь гэж хэлэх зүрхтэй хүн байх уу? Шийдэл ярьсангүй гэж бүү шүүмжлээрэй. Бүхимдал, гунигаа гаргамаар байна. Шийдлийг манай эрх баригчдаас бусад хэнбугай ч мэднэ.