Автомашины RFID наалт болон торгуулийн асуудлаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг Хангарди ордонд өнөөдөр мэдээлэл хийв.
Өнөөдрийн байдлаар 128,300 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгосон. Нийслэлийн хэмжээнд 16 байршилд тээврийн хэрэгслийг цахимжуулах ажил үргэлжилж байна.
2024 он гарснаар тээврийн хэрэгслийн улсын үзлэг оношилгоо эхэлсэн. Үүнтэй холбогдуулан тээврийн үзлэг оношилгоог цахим гэрчилгээнд шилжүүлэх ажлыг хамтатган хийж байгааг тэрбээр хэлсэн юм.
Энэ талаар “Тээврийн хэрэгслийн эзэмшигчид машиныхаа гэрчилгээг цахимжуулахад ямар нэгэн төлбөр төлөхгүй бөгөөд торгууль оногдуулахгүй.
Энгийн горимоор тээврийн хэрэгслээ цахимжуулах ажлыг иргэд хийх хэрэгтэй.
Зам, Тээврийн Хөгжлийн Яам (ЗТХЯ)-ны тавьсан хуваарийн дагуу тээврийн хэрэгслийн дугаарын хойд талын оронгоос хамааруулан нэгдүгээр сараас тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоо эхэлсэн. Үзлэг оношилгоотой холбогдуулан тээврийн цахим гэрчилгээг хамт хийж байгаа.
Дээрх үндсэн шалтгаанаар тээврийн хэрэгслийг цахимжуулах ажил ачаалалтай болж эхэлсэн.
Өнгөрсөн долдугаар сард ЗТХЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтарч 100 гаруй ажилтныг сургалтад хамруулсан байдаг. Эдгээр 100 ажилтан гурван ээлжээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа” гэлээ.
“Улаанбаатар хотод автомашины цахим наалт дууссан, хомстсон асуудал байхгүй”
Үргэлжлүүлэн “Цахим гэрчилгээ олгох цэг цөөн байгаа нь үнэн. Иймд энэ асуудлаар НЗДТГ-аас Авто Тээврийн Үндэсний Төвд хандсан.
Тодруулбал цэгийн тоог олшруулж, И-март, Номин зэрэг сүлжээ дэлгүүрээр цахим гэрчилгээ олгохыг удаа дараа шаардаж байна.
Зөвхөн үзлэг оношилгоо хийж байгаа газраас гадна өөр цэгүүдэд нэмэлтээр хийж байгаа.
Улаанбаатар хотын хэмжээнд долдугаар сарын байдлаар 4,470 ширхэг цахим наалт нийлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод цахим наалт дууссан, хомстсон асуудал байхгүй. Одоогоор тендерээр нийлүүлэгдсэн өртөг нь 6,700 төгрөг бөгөөд автомашинд үнэ төлбөргүй наана.
Систем хөгжүүлэлтийг ЗТХЯ-нд Албан журмын даатгагчдын холбооноос 10 тэрбум төгрөг гаргаад энэ ажлын хүрээнд хийгдээд явж байгаа. Систем хөгжүүлэлт эцсийн байдлаар дуусаагүй, нэгдүгээр улиралд бүрэн ашиглалтад оруулна гэсэн чиглэл өгсөн” хэмээв.
“Өнөөдрийн байдлаар 436,000 машин торгуультай байна”
Шинэ хуулийн зохицуулалтыг талаар Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригдараах мэдээллийг нэмж хэллээ.
Агаарын бохирдлын төлбөр болон зам, замын байгууламжийн төлбөрийг төлөөгүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг зөрчил гаргаж торгуулсан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шинэ хуулийн заалт орж ирж байгаа.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл эзэмшигч нь шинэ хуулийн заалт хэрэгжиж эхэлснээс хойш торгууль болон бусад төлбөрөө бүрэн төлсөн байхыг шаардана.
Шинэ зохицуулалтаар торгууль тавигдсанаас хойш 15 хоногийн дотор төлбөрөө төлбөл 50 хувийг хөнгөлнө. Харин 15 хоногоос хэтэрвэл 50 хувиар нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотой журам гарна.
Өнөөдөр та хэдэн төгрөгийн торгууль авсан тухайн торгуулийг сайн дураар төлөх хугацаа хэтэрсэн бол таныг торгуультай гэж үзнэ.
Статистик тоон мэдээллээс харахад өнөөдрийн байдлаар 436,000 машин торгуультай байна.
Хуулийн үйлчлэл эхлэх гэж буйтай холбогдуулан иргэд бэлтгэлээ базааж байгаа. Нийслэлийн татварын албанаас өгсөн мэдээллээр татвар төлөлт буюу торгуулийн хэмжээ адил хэмжээгээр нэмэгдсэн үзүүлэлт гарсныг нэмж ярилаа.