Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлэхээр уулзаж байна.
Тэрбээр “Хөрөнгө оруулалтын хууль нэрээр Монгол Улсын газар нутгийг 100 жилээр гадаадынханд өгөх гэж байгаа Ч.Хүрэлбаатар нарын санаачилсан хуулийн төслийг эсэргүүцэх тухай” гэх агуулгатай шаардлага хүргүүлж буй аж.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монголчуудын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр Женко Х.Баттулгын намайг хятадын эрлийз, Монголын төрд байлгаж болохгүй нэгэн мэтээр нэвтрүүлгээр ярьж, гүтгэжээ.
Миний аавын ч тал, ээжийн ч тал аль аль нь Увс аймгийн Давст сумынх, дөрвөдүүд. Ээжийн талыг 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр тойрч биш дайрч гарсан юм. Хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгч хятад гентэй эсэхээ шалгуулъя. Хэрвээ надаас хятад ген 0.1% л илэрвэл би улстөрөөс үүрд зайлъя.
“Цус” ярьж монголчуудыг дотор нь хуваадаг, хэрэлдүүлдэг, улстөржүүлдэг, алалцуулдаг цаг үүгээр дуусаг” хэмээх тайлбарыг өөрийн цахим хуудсандаа бичсэн байна.