Замын түгжрэл үүсгэж буй гол шалтгаануудын нэг нь зогсоолын хүртээмжгүй байдал. Төрийн байгууллагын гаднах зогсоолд ажилтнууд нь бүтэн өдөр үнэ төлбөргүйгээр автомашинаа байршуулж, дүүргэдэг.
Харин төрийн байгууллагаар үйлчлүүлэхээр очсон иргэдэд зогсоол олдохгүйгээс төв зам дээр машинаа байршуулах асуудал их гардаг нь түгжрэлийг зохиомлоор үүсгэх үндэслэл болоод байгаа юм.
Тиймээс төрийн байгууллагын нийтийн эзэмшлийн зогсоолыг төлбөртэй болгохоор журмын төслийг боловсруулж, нийслэлд хүргүүлсэн тухай Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.
Уг журамд тусгаснаар хотын төвийн А бүсийн авто зогсоолд машинаа байршуулбал цагийн 5000, хотын зах буюу Б бүсэд байршуулбал 4000 төгрөгийн хураамж төлөх нь. Гэхдээ журмын төслийг НИТХ эцэслэн шийдвэрлэх юм байна.
Улаанбаатар хотын хэмжээнд автомашины 62,000 гаруй ил зогсоол байгаагаас нийтийн 31,000, худалдаа үйлчилгээний 7,700 орчим, хорооллын дотор 15,000 байдаг бол 7,000 гаруй нь хувийнх.
Эдгээрээс эхлээд төрийн байгууллагуудын гаднах автомашины зогсоолыг төлбөртэй болгохоор НЗДТГ-т саналаа явуулжээ.
Төрийн байгууллагын албан хаагчдын 55% нь буюу 63,000 нь хувийн тээврийн хэрэгслээрээ зорчдог гэсэн судалгаа гарсан байна. Эдгээр машин төрийн байгууллагын гадна зогсоолд өдөржин байдаг болохоор үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд зогсоол олдохгүй болж, машинаа нэгдүгээр эгнээнд тавьж ачуулж хохирох, нийтийн тээврийн хэрэгслийн эгнээнд саад учруулах зэргээр зохиомол түгжрэл үүсгэдэг. Энэ байдлыг зохицуулахаар журмын төсөл боловсруулснаа тайлбарлалаа.
Өглөөний 09:00 цаг гэхэд төрийн байгууллагуудын гаднах автомашины зогсоолын дүүргэлт 80%-тай болсон байдаг аж.
Харин хорооллын доторх автомашины зогсоолыг төлбөртэй болгохгүйг тус хорооноос мэдээллээ.