Нийслэлийн хөгжлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор байгуулагдсан \”Улаанбаатар хотын худалдааны танхим” өнөөдөр гишүүдийнхээ дунд энэ оны анхны уулзалтаа хийлээ. Уулзалтын энэ удаагийн зочноор Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд уригдан оролцож, агаарын бохирдлын асуудлыг хөндөж, нийслэлээс хийж хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогын талаар нээлттэй ярилцлаа. Танхимын гишүүн байгууллагуудын зүгээс агаарын бохирдлыг бууруулах шийдлүүдийг танилцуулсан юм.
\”Улаанбаатар хотын худалдааны танхим\”-ын гишүүд нь улсдаа татвараа тогтмол төлдөг, иргэдээ ажлын байраар хангахад онцгой анхаарахын зэрэгцээ бүтээн байгуулалтад ч Монгол улсдаа манлайлдаг тэргүүлэгч компаниуд юм. Тус танхимын Ерөнхийлөгч Ж.Оюунгэрэл хэлэхдээ \”Хотын агаарын бохирдолыг бууруулах асуудалд бизнесийнхэн ямагт анхаарч ирсэн. Цаашид ч төлөвлөгөөт ажлуудыг хийж, гадны туршлагыг нэвтрүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэхдээ Улаанбаатар хотын удирдлагууд, мэргэжилтнүүд, Агаарын бохирдолыг бууруулах ажлын хэсэгтэй хамтран ажиллана” гэлээ. Тиймээс энэ удаагийн зочноор хотын даргыг урьж, бодлого шийдвэр, хэрэгжүүлэх ажлыг нь сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хотын дарга хэлэхдээ \”Хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй. Дэлхийн агаарын бохирдол ихтэй бусад хотууд ихэвчлэн хүнд үйлдвэр хөгжүүлсэнтэй холбоотой байдаг бол манай хотынх стандартын шаардлага хангаагүй энгийн зуухны галлагаатай холбоотой байдаг. Тэгэхээр бидэнд шийдэлд хүрэх амархан гэж болно. Бид уламжлалт технологи, амьдрах хэв маягаа өөрчилж чадвал агаарын бохирдлыг бууруулах боломжтой гэж харж байна. Үүнтэй эдийн засгийн, захиргааны зэрэг олон арга замаар тэмцэнэ. Үүнээс гадна бүгд хамтдаа тэмцэх нь чухал. Агаарын бохирдлын гол шалтгаан нь амжиргааны түвшин, ядуурал. Тэгэхээр агаарын бохирдлыг уг үндсээр нь арилгая гэвэл эдийн засгийн өсөлт. Хүн ажилтай, орлоготой болвол амьдрах орчноо сайжруулна. Худалдааны танхимын гишүүд ч энэ асуудалд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна.” гэлээ.
Тэрбээр цааш хэлсэн үгэндээ \”Хотын захирагчийн хувьд би 3 захирамж гаргасан. Суурьшлын бүсийг тодорхойлж, агаарын чанарын бүсчлэлийг тогтоон, хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Тухайлбал, 4 дүгээр бүс буюу хотын төвийн хэсэгт 10 дугаар сарын 1 гэхэд яндангаас утаа гарахгүй байх ёстой. 10 дугаар сарын 1 гэхэд Улаанбаатар хотод багануурын нүүрс түлэхгүй. Төрөөс татаас авдаг айл өрхүүдэд түүхий нүүрс тараахгүй, зөвхөн сайжруулсан түлш олгоно. Эдгээр арга хэмжээнд аж ахуйн нэгжүүдийн оролцоо маш их чухал юм. Үүнээс гадна хяналтыг сайжруулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ. Агаарын бохирдол үүсэхэд нөлөөлж, захирамж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжийн талаар мэдээлсэн иргэнийг урамшуулна. Иргэдэд зөвхөн Багахангай, Налайх, Багануур дүүрэгт газар олгоно. Төв аймгийн Улаанбаатар хоттой хиллэдэг сумуудад үйлдвэр, аж ахуйн газар байгуулж, ажлын байр бий болгоно. Та бүхнийг дэмжин ажиллахыг хүсье.” гэсэн юм.
Гишүүн байгууллагуудын зүгээс агаарын бохирдлыг бууруулах арга замын талаар өөр өөрсдийн саналыг танилцууллаа. Тухайлбал, агаарын бохирдол үүсгэх гол шалтгаан болох гэр хорооллын механик өсөлтийг байхгүй болгохын тулд хотоос гадагш ажлын байрыг олноор бий болгох, иргэд ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй гэв. Мөн банк, барилгын салбарыг гацаанаас гаргах нь агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлнө гэж үзлээ.
Автомашинаас ялгарч байгаа утаанаас үүдэлтэй агаарын бохирдол аль ч улиралд арилахгүй. Тиймээс нийтийн тээвэрт шингэрүүлсэн нефтийн хий ашигладаг автобусыг нэвтрүүлэх хэрэгтэй гэлээ. Түүхий нүүрсний хэрэглээг халахын тулд өдөрт 6-8 цаг цахилгаан зарцуулж дулаанаа нөөцөлдөг дулаан хадгалагч төхөөрөмжийг гэр хорооллын айл өрхүүд ашиглах хэрэгтэй зэрэг саналуудыг гишүүн байгууллагууд гаргаж байна.Агаарын бохирдлыг бууруулахад нийслэлийн зүгээс аж ахуйн нэгж байгууллага, бизнесийнхэнтэй хамтарч ажиллана гэдгийг хотын дарга хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.