ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-д ойрын үед айлчлах сонирхлоо илэрхийлсэн талаар Пёняны төв хэвлэл мэдээлсэн байна. Хэрвээ Путин Умард Солонгост айлчилбал энэ нь 2000 онд дөнгөж Оросын ерөнхийлөгч болсныхоо дараа тус улсад айлчилснаас хойш 24 жилийн дараа хийх анхны айлчлал болох юм. ОХУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн оны 9-р сард Алс Дорнодод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Умард Солонгосын удирдагчийн урилгыг хүлээж авсан юм байна.
Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын Нодонг Синмун сонины ням гарагийн дугаарт Умардын гадаад харилцааны сайд Чой Сон Хуйгийн Орос улсад хийсэн албан ёсны айлчлал лхагва гарагт өндөрлөсөн, тэрээр Оросын ерөнхийлөгч болон гадаад харилцааны сайд нартай хэлэлцээ хийсэн тухай мэдээлжээ. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Путин Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны Пёнянд айлчлахыг урьсанд талархаж байгаагаа илэрхийлсэн, иймээс айлчлалыг ойрын үед товлох болов уу, Умард Солонгосын ард түмэн хамгийн дотны түнш улсынхаа төрийн тэргүүнийг угтаж авахад бэлэн байгаа гэж дээрх сонины мэдээнд онцолжээ.
Мөн ерөнхийлөгч Путин Удирдагч Кимийн урилгаар Умардад ойрын үед айлчилна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн ч айлчлалын товыг хараахан тохироогүй байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна. Умардын гадаад харилцааны сайд Оросын эрх баригчидтай Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар ярилцсан байна. Эдгээр уулзалт АНУ болон түүний холбоотнуудтай тэмцэхийн тулд Оростой харилцаагаа илүү ойртуулах зорилготой байгааг илтгэж байна гэж шинжээчид үзэж байна. Путин Умард Солонгосын тухайн үеийн удирдагч Ким Чен Иртэй хэлэлцээ хийхээр 2000 оны 7-р сард Пёнянд айлчилж байсан.
Сүүлийн үед Орос, Умардын харилцаа ойртож байгаа нь Америк болон түүний холбоотнуудыг түгшээх болсон. Өрнөдийнхөн Москва, Пёньян хоёр НҮБ-ын тогтоолуудыг зөрчиж зэвсгийн наймаа хийгээд байна гэж буруутгаж байгаа юм. Умардын хувьд Оростой стратегийн болоод тактикийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр тохирсон, Оросын тал Украины асуудалд өөрийг нь бүрэн дэмжиж байгаад Умардын эрх баригчдад талархлаа илэрхийлсэн юм байна. Умард Солонгосын удирдагч өнгөрсөн оны сүүлээр Орос улсад айлчилсан нь хоёр орны хооронд цэргийн хамтын ажиллагаанд ихээхэн анхаарал хандуулсан айлчлал болсон гэж Өрнөдийнхөн үзэж байна.