-Хураасан хүнсний ногооны хэмжээ 2023 онд өмнөх оноос 40 хувиар өсжээ-
2023 оны ургац хураалтын дүнгээр 326.3 мянган га талбайгаас 456.4 мянган тонн үр тариа хураан авсныг ХХААХҮЯ мэдээллээ. Өнгөрсөн онтой харьцуулахад улаанбуудайн үйлдвэрлэл найман хувиар буюу 32 мянган тонн, хүнсний ногооны ургац 23 хувь буюу 35 мянган тонноор нэмэгдэж, хүн амын хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангах боломж бүрджээ.
Хураасан хүнсний ногооны хэмжээ 2023 онд өмнөх оноос 40 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Нийт тариалалтын 2.5 хувьд нь хүнсний ногоо тариалсан байна.
Улсын хэмжээнд 2023 онд нийт 642.2 мянган га талбайд тариалалт хийсэн нь өмнөх оноос 3.8 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Энэ нь 1990-1992 оны түвшинтэй ойролцоо байгаа аж. Сүүлийн 30 жилийн хувьд үр тариа нь газар тариалангийн голлох бүтээгдэхүүн хэвээр байгаа ч нийт талбайд эзлэх хувь буурч, хүнсний ногоо, таримал тэжээл,техникийн ургамлын нэр төрөл нэмэгдэх хандлагатай байгааг салбарын яам онцолж байна.
Үүнээс гадна судалгаагаар Монголоос экспортод гаргах боломжтой газар тариалангийн долоон төрлийн бүтээгдэхүүн байгааг тогтоогоод байгаа юм.
Хөгжиж буй орнуудын хүн ам уургаар баялаг хооллолт руу шилжихэд анхаарч, эрүүл органик бүтээгдэхүүн хэрэглэхийг чухалчлах болсон. Судлаачдын үзэж байгаагаар 2000-2030 онд хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ хоёр дахин өснө. Органик бүтээгдэхүүний зах зээл дэлхийн хэмжээнд 2020 оны байдлаар 85 тэрбум ам.доллар байсан бол 2026 онд 94 тэрбум ам.доллар хүрнэ гэж тооцоолсныг ХХААХҮЯ мэдээллээ.