“Дашваанжил” ХХК-ийн төлөөлөл үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өгч байна.
“Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав “Манай компанийн хий зөөврийн автомашин осолдсон. Ослын улмаас амиа алдсан онцгой байдлын алба хаагчдад компанийнхаа 600 гаруй ажилчдын өмнөөс эмгэнэл илэрхийлье.
Энэ бол давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр үүссэн осол байлаа. Осолд өртсөн нийт иргэдээсээ уучлалт хүсэж байна.
Манай компанийн жолоочийн хувьд 1994 оноос хойш ажиллаж байгаа онц тээвэрчин. Элдэв хорт зуршилгүй, шилдэг ажилчдын нэг юм. Бид утаагүй орчинг бүрдүүлэхэд зориулсан хийн түлш хэрэглээнд нэвтрүүлэн ажиллаж байгаа юм. Монгол Улсад хийн аж ахуйн техник ашиглах, хийн аж ахуйн дүрэм гэж байдаг.
Дүрмийн дагуу аюултай ачааг тээвэрлэх дүрэм журам байдаг. Автомашины шаардлага гэж байдаг. Үүнийг авто машины баз хариуцдаг. Манайд орон нутгийн болон хот хооронд 20 гаруй тээврийн хэрэгсэл хийн газ тээвэрлэж байна. Бид дэлхий стандартад мөрдөгдөж байгаа шаардлага хангасан тээврийн хэрэгслийг худалдаж авч ашигладаг.
Ямар нэг зах дээрээс дураараа авдаг тээврийн хэрэгсэл байдаггүй. Автосистер нь 2023 оны нэгдүгээр сард орж ирсэн, зөвшөөрлөө авсан” гэлээ.
“Дашваанжал” ХХК-ийн Бүс хариуцсан захирал Л.Мөнхжаргал “Монгол Улсад хийн аж ахуй, газ тээвэрлэх дүрэм байдаг. Аюултай ачааг тээвэрлэх дүрэм байдаг. Манай компанид хот хоорондын 20 гаруй газ тээвэрлэдэг автомашин бий.
Манай компани шаардлага хангасан, техникийн зориулалтын газ тээвэрлэдэг автомашин ашигладаг. 2019 онд Шадар сайд аюултай ачаа тээвэр явах маршрут гаргасан. Тэр маршрутын дагуу заасан цагт шатахуунаа тээвэрлээд явж байсан. Осолд гаргасан автомашин 2024 нэгдүгээр сард худалдаж авсан байсан. Дөрөв дэх удаагаа л тээвэр хийж байсан.
Том оврын автомашинууд хот дотор 22:00 цагаас хойш замын хөдөлгөөнд оролцож болдог. Ослын үеэр газ ачиж явсан автомашин 60 тонн бус 15,4 тонн газ тээвэрлэж явсан. Манай компани дэргэдээ газын сургалтын төвтэй. Ажилчдадаа уг сургалтад хамруулдаг. Бүх жолоочид аюултай ачаа тээвэрлэх тусгай үнэмлэхтэй” гэв.