“Монгол Улсын ядуурлын түвшин – 2022 онд” илтгэлийг ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэг танилцууллаа.
Тэрбээр “ҮСХ өрхийн нийгэм эдийн засгийн судалгаанд үндэслэж ядуурлын шугамын тооцооллыг хийдэг. 2023 онд 23 мянган өрхийг судалгаанд хамруулсан. 2022 оноос эхэлж ядуурлын шугамыг тооцох шинэ суурьтай болсон.
Монгол Улс хэрэглээнд суурилсан ядуурлын шугамыг ашигладаг. Энэ аргаар ядуурлын шугамыг тооцохдоо хүнсний болон хүсний бус гэсэн ядуурлын шугамыг гаргаж авдаг.
Ингэхдээ хүний авах ёстой зайлшгүй хүнс болон хүнсний бус хэрэглээний наад захын зардлыг гаргана. Тухайн хүнсний наад захын зардал нь нийт хүн амын ядуурлын шугам болж тооцогддог.
Жишсэн насанд хүрсэн хүнд ногдох хэрэглээний зардал нь ядуурлын шугамаас доогуур бол тухайн хүнийг ядуу гэж тодорхойлно. 2022 оны байдлаар 418,090 төгрөг манай улсын ядуурлын шугам гэж тооцогдож байна.
2022 оны улсын дунджаар насанд хүрэгчдэд ногдох дундаж хэмжээ 657 мянган төгрөг. Үүний 30 хувийг тухайн хүн хүнсэнд, 42 хувийг хүнсний бус хэрэглээнд зарцуулдаг. Үүний амьжиргааны түвшинд харвал ядуурлын шугамаас бага хэрэглээтэй насанд хүрсэн нэг дунджаар 318 мянган төгрөгийг зарцуулдаг.
Гэтэл ядуурлын шугамаас дээгүүр хэрэглээтэй насанд хүрсэн нэг хүн сард 784 мянган төгрөгийг хэрэглээнд зарцуулж байна. Тухайн хэрэглээнийхээ 28 хувийг хүнсний, 42 хувийг хүнсний бус хэрэглээнд зарцуулдаг.
Өөрөөр хэлбэл ядуурлын шугамаас дээгүүр насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ нь ядуурлын шугамаас доогуур насанд хүрсэн хүний хэрэглээнээс дөрөв дахин өндөр байна.
2022 оны байдлаар Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувтай гарсан. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ нь 418,090 төгрөгөөс бага байвал ядуурлын шугамаас бага гэсэн үг.
Манай улсын нийт хүн амын 914.2 мянга нь ядуурлын шугамаас доор хэрэглээтэй байна. Ядуурлын шугамыг 15 хувиар өсгөхөд нийт хүн амын 10.3 хувь буюу 346.4 мянган хүн нэмж ядууралд өртөх магадлалтай байна” хэмээн ярив.