Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Улаанбаатар хотын эрчим хүчний асуудлаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Түүний зүгээс “Ирэх жил бид эрчим хүчний хувьд маш хүндрэлтэй өвлийг давна. Магадгүй төвийн эрчим хүчний системд 50, 50 хувийн хязгаарлалт хийж болзошгүй нөхцөл байдалтай байна. Бидэнд өгсөн холболтын зөвшөөрөл, гэр хорооллын айлууд цахилгаан зуух руу шилжиж байгааг харахад ийм нөхцөл байдал руу явлаа. Би удахгүй Засгийн газрын хуралдаанд энэ мэдээллийг танилцуулахаар бэлтгэж байна.
Хэрэв бид ирэх гурав, дөрөвдүгээр сард яаралтай экстрим шийдвэр гаргаж, эрчим хүчний хангамжийн чиглэлээр аравдугаар сарын 1-ээс өмнө шинэ эх үүсвэрүүдийг шийдэж чадахгүй бол том бүтээн байгуулалт болон бусад ажлыг хийж чадахгүй. Энэ талаарх төлөвлөгөөг танилцуулахаар бэлдэж байна. Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ 12.3 хувиар нэмэгдсэн. Үүнээс шалтгаалан эрчим хүчний хязгаарлалтыг өнөөдрийг хүртэл хийж байна” гэлээ.