Цас ихтэй үед гадаа удаан байснаар цасны гялбаанаас нүд сохрох аюултай байдаг. Цаснаас ойсон хэт ягаан туяа хүний нүдний торлогт нөлөөлж нүд гэмтээнэ. Цэвэр цасан бүрхүүл нь нартайд, түүгээр зогсохгүй манантай байхад ч нүдний торлогийг ядрааж гэмтээдэг тул харьцангуй богино хугацаанд сохрох магадлалтай. Нүдний торлог гэмтэхээр хүн газрын гадаргын хотгор, гүдгэрийг ялгахаа болино.
Улмаар нүд хорсож эхлэх, гэнэт хараа муудах, нүд хүчтэй зурж өвдөх, нулимс гоожих, гэрлээс айх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Тиймээс цаснаас нүдээ хамгаалахын тулд хар ногоон, шар ногоон өнгийн шил зүүнэ. Хэрэв цасны шил байхгүй бол гар дорх материал ашиглаж нүдний хамгаалалт хийж нүдээ хамгаалаарай.
Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар