Монголын
төрөөс авлагатай юм шиг хэдэн хүмүүс байх юм. Янз бүрийн системээр сонгууль
зохион байгуулагдаж, засаг төр бүрэн утгаараа солигдож байгаа ч гарын хуруунд
багтах хэдэн хүн төрийн байгууллагад хадагдчихсан юм шиг л ажилласаар байх юм. Уг
нь төрийн байгууллагын үйл ажиллагаа тогтвортой байх ёстой. Төрийн албан
хаагчаас эхлээд л дарга удирдлагууд нь ямар ч улс төрийн оролцоогүйгээр тогтвор
суурьшилтай ажиллах учиртай л даа. Гэхдээ ийм үлгэрт итгээд яах вэ. Угаасаа
тогтвортой төрийн байгууллага гэж Монголд байхгүй. Засаг солигдоход
удирдлагаасаа эхлээд цэвэрлэгч, харуул хүртлээ солигддог нь Монголын төрийн
байгууллагын жам ёс болчихоод байгаа.
Гэтэл
хэний ч нам ялсан байж байдаг хэдэн \”хөгшчүүд” байна. Хөгшчүүд гэдэг нь ихэнх
нь тэтгэвэр тогтоолгох нас нь болчихсон гэсэн үг л дээ. Тухайлбал, Үндсэн
хуулийн цэцийн гишүүн Д.Сугар,
Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүн, УБЕГ-ын дарга Р.Содхүү, ТӨХ-ны бодлого зохицуулалтын
газрын дарга Ц.Ням-Осор нарын хүмүүсийг нэрлээд байна.
Намайг хүүхэд байхад л тэд төрийн
өндөр дээр албан тушаал хашдаг байлаа. Намайг тэтгэвэрт гарсан ч тэд төрийн
байгууллагуудыг дамжаад удирдсаар ч байж магадгүй. Чадвартай очсон газартаа \”цэцэг
ургуулдаг”, гайхамшиг бүтээдэг, улсын өрийг барагдуулдаг, эдийн засгийн
хямралаас гаргадаг, хуулийг сахидаг, мэргэжлийн өндөр түвшин ажилладаг бол
үнэхээр яая гэх вэ. Тэднийг шүтэж бишрээд байх ёстой газарт нь, чаддаг албан
тушаалд нь томилоод л баймаар. Гэвч үнэндээ Д.Сугарын, Р.Содхүүгийн,
Ц.Ням-осорын хийж гийгүүлж, гавьяаны талаар \”сонссонгүй”. Сайнаасаа саар мэдээ
ихтэй ийм хүмүүс өнөөдрийг хүртэл төрийн өндөр албан тушаал хашч, төрийн эрх
ямба эдэлж явааг хараад \”Монголын төр тэдэнд өртэй юм байна” гэх ойлголт л төрж
байна.
Гэхдээ хэр хэмжээ өр болоод тэднийг
бүх насаар нь тэтгэж, тэжээх вэ?
Чадвартай, мэдлэгтэй залуус их л байх
юм. Даанч яг ажиллаж, хүчээ өргөх ёстой газар нь Д.Сугар, Р.Содхүү мэтийн
хөгшчүүд бүх насаараа \”хадагдчихаар” яах ч билээ. Хувийн бизнесээ эрхлэх, эсвэл
гадны компанид ажиллах зэргээр Монголд үлдэхгүй зүйлс хүчээ зарцуулахаас
аргагүй хүрцгээж байна. МАН-ыг боловсон хүчин сайтай,
лидерүүд олонтой нам гэдэг. Гэвч энэ зүгээр л хийрхэл төдийхөн. Үнэхээр \”мундаг”
залуус олон юм бол цагаан толгойтой хөгчүүддээ гавьяаны амралтыг нь өгөөд
тэднийхээ хүчийг улсаа хөгжүүлэхэд нь зарцуул л даа. Гэвч тийм залуус байхгүй болохоор л тэтгэврийн
насныхан нь төрийн байгууллагыг он удаанаар удирдаад явж байдаг болов уу.
Хөрөнгийн биржээс эхлээд л
мэргэжлийн хяналт, төрийн өмчийн хороо, сонгуулийн байгууллага, үндсэн хуулийн
цэц гээд тэднийг шингээх байгууллага Монголд даанч олон юм даа. Энэ бүгдийн ард
нэг боловсролтой, улсаа хөгжүүлэх чин сэтгэлтэй залуугийн мэдлэг, чадвар зэвэрч
байгаа гэж бодохоор даанч хайран санагдах юм.
Амар
Үндэстэн агентлаг