Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр буюу Хөшигийн хөндий дэх Чингис хаан нисэх буудал руу явах замд өнөө өглөө олон тооны автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан. Ослын шалтгааны талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа.
-Чингис хаан нисэх буудал руу явах замд болсон ослын шалтгааныг тогтоосон уу?
-Өнөө өглөө 08.20 цагт Тээврийн цагдаагийн албанд олон улсын Чингис хаан нисэх буудал руу явах замд зам тээврийн ноцтой осол гарсан тухай дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн бүрэлдэхүүн ажиллаж, ослын нөхцөл шалтгааныг тогтоох хэргийн газрын үзлэг шалгалтыг хийж, авто замыг дөнгөж сая /11.20 цаг/ чөлөөлж байна.
-Ослын улмаас гэмтэж бэртсэн хүн байна уу?
-Яаралтай түргэн тусламжийн 103 төвийн машинаар ослын газраас олон хүнийг ГССҮТ-д хүргэгдсэн. Хэдэн хүн хүргэгдсэн болон хүмүүсийн эрүүл мэндийн талаарх мэдээлэл одоогоор авч амжаагүй байна.
Цас орсон цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор жолооч нар хурдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна гэв.