Москвагийн захын дүүргийн концертын танхимд болсон террорист халдлагыг үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг үзэлтэнтэй холбоотой байсан гэж өчигдөр, 3 дугаар сарын 28-нд ОХУ-ын Мөрдөн байцаах хороо мэдэгджээ.
Мөрдөн байцаах хороо нийгмийн сүлжээгээр, баривчлагдсан этгээдүүдээс байцаалт авч, тэднээс хурааж авсан технологийн төхөөрөмжид судалгаа хийж, банкны гүйлгээний мэдээлэлд шинжилгээ хийсэн. Тэд Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой байсан гэх гэрч, баримт олдсон гэв.
Эхний шатны мөрдөн байцаалтаар, террорист халдлагыг урьдчилан төлөвлөсөн, зохион байгуулагч нь нарийн нямбай бэлтгэл хийсэн, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэдгийг тогтоосон.
Гэмт этгээдүүд Украинаас их хэмжээний санхүүжилтийг цахимаар хүлээн авч халдлага үйлдэх бэлтгэлд зарцуулсан байна. Санхүүжилтэд оролцсон өөр нэгэн сэжигтнийг илрүүлэн баривчилсан байна.
“Крокус сити холл” концертын танхимд үйлдэгдсэн террорист халдлагад өртөж амиа алдсан хүний тоо 143 болсон гэж ОХУ-ын Онцгой байдлын яам 27-нд мэдэгдэв. Халдлагыг гардан үйлдсэн 4 этгээд тэргүүтэй 11 сэжигтэн баривчилсан гэж ОХУ-ын Аюулгүй байдлын товчоо өмнө нь мэдэгдсэн юм.