Азийн 8-р Өвлийн наадам Японы Саппоро хотноо албан ёсоор эхэллээ. 2-р сарын 19-26-ны өдрүүдэд явагдах энэхүү наадамд 32 орны нийт 2000 орчим тамирчид болон албаны хүмүүс оролцож байгаагаараа тивийн хэмжээнд түүхэн дэх хамгийн том өвлийн наадамд тооцогдож байна.
Азийн наадмын нээлтийн ажиллагаа Саппоро хотын бахархал болсон Саппоро Дом цэнгэлдэхэд явагдсан бөгөөд тун удахгүй Японы эзэн хааны ширээг залгамжлах хунтайж Нарухито өөрийн биеэр хүрэлцэн ирж, албан ёсоор нээсэн юм. Ёслолын арга хэмжээнд Азийн Олимпийн Зөвлөлийн ерөнхийлөгч Шэйх Ахмад Ал Фахад Ал Сабах хүрэлцэн ирж нээлтийн үгийг хэлэв.
Манай баг тамирчид энэ удаа гүйлтийн тэшүүр, шорт трек, гүйлтийн цана, уулын цана, биатлон, хоккейн төрлөөр нийт 42 тамирчин, 28 дасгалжуулагч, эмч, албаны хүмүүс оролцож байгаа юм.