“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.16) хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Сонсголын эхний өдрийг дүгнэн УИХ-ын гишүүн, сонсгол даргалагч Ж.Чинбүрэн мэдээлэл хийв. Тэрбээр:
Элэгний D, B вирустэй иргэд чанартай, сайн эм хэрэглэмээр байна. Төсөв нь батлагдчихаад байхад яагаад санаачилгатай ажиллахгүй байна вэ гэдэг гомдол мэдүүллээ. Стандарт хуучирсан тул шинэ эм оруулж ирэхэд анхаарч ажиллахыг шаардсан. Сахарын өвчтэй хүмүүс 7 хоногт нэгийг хэрэглэдэг шинээр гарсан эмийг оруулж ирэх, сахараа хянах тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг ярьж байлаа.
Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтын талаар хянагч, шалгагч нар дүгнэлтээ танилцуулсан. Энэ жагсаалтад орсон эмийг даатгалаар хөнгөлж иргэдэд олгодог. Гэтэл жагсаалтыг баталдаг Хүний эмийн зөвлөлийн 8-9 дүгээр хурлын тэмдэглэл архив, Эрүүл мэндийн яаманд байхгүй, улмаар судлах боломжгүй байсныг шинжээч танилцууллаа. Тэгэхээр ямар эмийг хэн санал болгож хэрхэн оруулсан, хамаарал, нэгдмэл сонирхол байсан уу гэдгийг судлах боломжгүй болсныг хэлсэн. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад уналт, таталтын эсрэг үйлчилгээгүй хоёр эм оруулсан тухай хянан, шалгагч дүгнэлт танилцууллаа.
Мөн эмийн үнийн дээд хязгаарыг тогтоох үйл ажиллагаа шударга биш байна гэдэг асуудлыг хөндөж ярилцсан. Тухайлбал үйлдвэрлэгчийн нэрээр 10-аас дээшгүй эм бүртгэж, үүний дундаж үнээр даатгалын хөнгөлөлтийг тооцож олгодог. Тэгвэл зарим компани 7-8 үйлдвэрлэгчийн эмийг өөрсдөө бүртгүүлж, өндөр үнэ тавьдаг. Ингээд дундаж үнэ өндөр гардаг. Улмаар өмнө нь боломжийн үнэтэй байсан эм одоо өндөр үнэтэй болчихлоо гэдэг асуудлыг иргэд хэлж байсан. Энэ нь баримтаар нотлогдлоо.