Улсын Дээд Шүүхийн 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн хуралдаанаар улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жил хасах заалтыг хүчингүй болгож, аварга цолыг нь хураах шийдвэр гаргаж байв.
Тэгвэл түүний өмгөөлөгч шинээр нөхцөл байдал үүссэн гэх шалтгаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн “Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” наймдугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Дээд Шүүхэд гомдол ирүүлжээ.
Тус гомдлыг Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж “ямар нэгэн шинэ нөхцөл байдал үүсээгүй” гэх үндэслэлээр хүлээн аваагүй аж.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар “Э.Оюунболдын өмгөөлөгч шинэ нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлээр улсын аварга цол эгүүлэн авах гомдол ирүүлсэн. Гэхдээ сэргээшийн шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй учраас Дээд Шүүх гомдлыг хүлээн авахаас татгалзлаа” гэв.