Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр “Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав” цуглаан зохион байгуулах талаараа Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/-ээс өнөөдөр мэдээлэл өглөө.
Өөрсдийн дотоод нөхцөл байдалтайгаа уялдуулан эрхзүйн орчноо ямар байдлаар сайжруулах талаар нэгдсэн нэг зүгт харахын тулд уг цуглаанд бүх редакцуудыг төлөөллөө оролцуулан, гарын үсэг зурж нэгдэхийг уриалж байгаа аж.
Тус өдөр Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооноос ирж байгаа шаардлагуудыг шийдвэр гаргагчид болон холбогдох албаныханд танилцуулж өгөх мөн “Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав” гэх акцийг зохион байгуулах юм байна.
Цуглаан тавдугаар сарын 3-ны өдөр Сүхбаатарын талбайд 10:30 цагт болно.
Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд Ерөнхийлөгч З.Боргилмаа “Эрүүгийн хуулийн 13.14 заалтад Худал мэдээлэл тараах гэх заалт орсон бөгөөд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн бол дөрвөн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх заалтын дагуу нэг редакц дээр 10-аад хэрэг. Нэг редакцын 7-8 сэтгүүлч дээр зэрэг хэрэг үүсгээд шалгаад явж байна. Уг заалтаар сэтгүүлчийг шалгах явцдаа эрхийг нь хэтрүүлж хязгаарлаж шалгадаг байдал хэм хэмжээ болж тогтох аюул руу бид орж байна.
Эрүүгийн хуулийн 10-аад зүйл заалтаар сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа болон иргэдийн мэдэх, үгээ хэлэх эрх чөлөөг хязгаарласан байна гэж Монголын Хуульчдын холбоотой хамтран эхлүүлээд буй судалгаагаар тогтоогдсон.
“Наад захын асуудлаа төрийн нууцад оруулаад олон сая, тэрбумын зарлагаа хаацайлсан байдалтай байна”
Түүнчлэн төрийн нууцад авах бичиг баримт Монгол Улсад ямар нэгэн хэмжээ байхгүйгээр улс төрчид, төрийн байгууллагын дарга, захирлын өнгө үзэмжээр явж байгаа. Наад захын асуудлаа төрийн нууцад оруулаад олон сая, тэрбумын зарлагаа хаацайлсан байдалтай байна.
Сэтгүүлчид нийтийн эрх ашгийг хөндсөн тэр асуудлуудыг хөндөхийн тулд төрийн нууц гэх асуудлыг давах хэрэгтэй болж байна. Бидний гарт ирсэн баримтууд төрийн нууцад авагдчихсан байхыг таашгүй тэсрэх бөмбөгтэй талбай дээр ажиллаж байна.Гэтэл үүнийг хамгаалсан хуулийн зүйл заалт байхгүй байна” гэв.
Эрүүгийн хуулиас гадна Нууцын тухай, Зөрчлийн тухай, Хэмнэлтийн тухай зэрэг 14 хуульд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа албан хаагчдын эрхийг хязгаарласан зүйл заалтууд байна гэдгийг МСНЭ-ээс онцолж байв.