Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Мөрдөн байцаалтын нууц задруулсан алба хаагч, ажилтанд оногдуулах ялыг чангатгах” заалт оруулж байгаа нь төрийн хүчний байгууллага бүх мэдээллээ нуух, үүний цаана хүний эрхийн зөрчил, хэлмэгдүүллийг нуун хаацайлах нөхцөл үүсэх, улмаар хэвлэлээр шүгэл үлээх, эх сурвалжийг хумих зэрэг сөрөг үр дагаварт хүргэж, төр улам бүр дарангуйлагч болох аюул харагдаж буй.
Үүнийг эсэргүүцэн МСНЭ-ээс хуулийн заалтыг хасах шаардлагыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт гардуулах гэж байгаа юм.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр “Энд шаардлага хүргүүлж байгаа учир нь ганцхан заалтыг эсэргүүцэж байгаатай холбоотой. Үүнээс биш Эрүүгийн хуульд оруулж байгаа бүх өөрчлөлтийг эсэргүүцээгүй юм.
Хэдийгээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь нууц задруулахтай холбогдуулсан уг зүйл заалт нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарахгүй хэмээн хэлсэн болов ч эргээд мөрдөн байцаалтын үйл явцад дотроо нууц задруулсан гэж үзвэл хэвлэл мэдээллийн ажилтнуудыг шалгах, нөгөө талаасаа эх сурвалжаа хэл, тодруул гэдэг дарамт шахалт ирэх тал бий.
Энэ зүйл заалтаас болоод маш маш олон ургач байдал бий болох талтай. Уг шаардлагыг УИХ дахь Монгол ардын намын бүлэгт мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргад давхар хүргүүлнэ” хэмээлээ.