21 аймаг, нийслэл, томоохон их сургуулиудын номын санд “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас хүлээлгэн өгчээ.
Дээрх бүтээл нь түүхэн үг хэллэг, 400 гаруй түүхт хүн, улс гүрэн, овог аймаг, цол, үйл явдал, ёс заншил, зэвсэг хэрэглэл, газар усны нэрд хамаарах 4,300 орчим тайлбарыг хэл шинжлэл, сурвалж судлал, түүх, угсаатан судлал, соёл судлал, газар зүй, нэр зүйн үүднээс боловсруулсан, хамгийн олон талыг хамарсан, хамгийн олон тайлбартай.
Номын удиртгал хэсэг ерөнхий ойлголт өгөх мэдлэг, мэдээлэл агуулсан бол үндсэн хэсэгт уг зохиолын эхийг монгол бичиг болон кириллээр буулган хөрвүүлж, утга, агуулгыг нь ойлгомжтой байдлаар тайлбарласан юм.
Номыг түүх, хэл, соёл, уран зохиол, сурвалж судлал, газар зүй, нэр судлал зэрэг салбарын 25 эрдэмтэн хамтран 2022-2023 онд, жил гаруй хугацаанд бүтээсэн бөгөөд түүхийн судалгааны багийг Ц.Цэрэндорж, хэлний судалгааны багийг Ш.Чоймаа нар удирдсан.
“Монголын нууц товчоон” нь Их эзэн Чингис хаан, түүнийг залгамжлагчид хийгээд дөрвөн зуу гаруй түүхт хүний амьдрал, үйл хэрэг, Их Монгол Улсын тулгар төр, гадаад харилцаа, байлдан дагуулал, нүүдэлчин ардын ахуй амьдрал, хэл яриа, шашин шүтлэг, зан үйл зэрэг Монголын төдийгүй Евро-Азийн түүхийн өргөн хүрээтэй асуудлыг яруу сайхнаар дүрслэн өгүүлсэн, түүх, хэл, соёлын үнэлж баршгүй сурвалж бичиг, утга зохиолын охь манлай, дахин давтагдашгүй үнэт бүтээлд тооцогддог.