Парисын Олимп, Паралимпын наадмын медалийг гардуулах тавцангуудыг пүрэв гарагт наадмыг зохион байгуулах хорооны төв байранд танилцууллаа. Загварыг медалийн нэгэн адил Эйфелийн цамхагаас санаа авч бүтээжээ. Саарал, цагаан өнгийг хослуулсан гоёмсог тавцанг мод болон 100 хувь дахин боловсруулсан хуванцраар хийсэн бөгөөд янз бүрийн арга хэмжээнд хэрэглэгдэхийг харгалзан нэмэлт хэсгүүд буюу модулиудыг угсардаг байдлаар бүтээсэн байна.
Жишээлбэл, ганцаарчилсан тэмцээн уралдааны шагнал гардуулахад ашиглах хамгийн богино тавцан нь 3 модулиас бүрдэх бөгөөд ойролцоогоор 4 метр урттай. Харин хөл бөмбөгийн шагнал гардуулах ёслолын тавцан нь 40 метр урттай, нийт 43 модультай. Тавцан бүр ойролцоогоор 45 кг жинтэй. Нийт 685 модулийг бэлэн болгосноос 45 нь нөөц модулиуд ажээ.
Зохион байгуулах хорооны тэргүүн Тони Эстанге хэлэхдээ “Медалийн тавцан бол тамирчдын үзүүлбэр, гүйцэтгэл хийгээд түүний баяр бахдлыг тэмдэглэх гол бэлгэдлийн чанартай зүйл юм. Олимп, паралимпын тамирчдын хувьд түүн дээр зогсоно гэдэг амжилт бөгөөд урт удаан аяллын төгсгөл билээ” гэв.
Алтан медаль хүртсэн тамирчид 35 см өндөртэй тавцан дээр зогсох бол мөнгө, хүрэл медальтнууд 20 см өндөртэй тавцан дээр зогсоно. Паралимпын наадамд ижил загвартай тавцанг ашиглах боловч эхний гурван байрт шалгарсан тамирчид бүгд 20 см өндөртэй тавцан дээр зогсох бөгөөд хажуу талдаа тэргэнцэрт зориулсан налуу замтай байх ажээ.
Эх сурвалж: “Монцамэ агентлаг”