Улсын Онцгой Комисс (УОК)-оос үер усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү Дүнжингаравын уулзварт болсон ослын улмаас галд өртсөн барилгуудын дүгнэлттэй холбоотой мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.
Тэрбээр “Осолтой холбоотой асуудалд УОК-ын даргын тушаалаар Барилга, Хот Байгуулалтын Яам (БХБЯ)-ны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Үүнд мэргэжлийн байгууллагын 40 гаруй хүн оролцож, тодорхой дүгнэлт хийгээд УОК-ын хуралдаанд танилцуулсан.
Тухайн иргэд буруу ойлгосон юм уу, ямар нэгэн үл ойлголцол гарсан юм уу. Мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлтийг мэргэжлийн шинжээч нар няцаана. Хоорондоо суугаад маргалдаад байвал энэ асуудал бүтэхгүй.
Өнөөдөр асуудлыг тийм байна гээд хэн нэгний амаар шийдэж болно. Магадгүй 2-3 жилийн дараа дахиад хүний амь нас, эрүүл мэнд эрстэх эрсдэл гарвал яах вэ.
Дүгнэлтэд тулгуурлаад орчин үеийн техникийн дэвшил ашиглаж хүчитгэх боломжтой технологийг манай улсад хэрэглэдэг бол мэргэжлийн байгууллага нь өөрсдөө дүгнэлтээ гаргаад явах ёстой.
Энэ асуудлаар УОК хуралдаж, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ) руу холбогдох бичиг баримт, мэдээллийг шилжүүлсэн.
НЗДТГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг тухайн иргэдтэйгээ уулзаж, асуудлыг ямар хэлбэрээр шийдэх вэ гэдэгт хамтран ажиллаж байгаа” гэв.