Цагдаагийн байгууллагаас “Ногоон бүс” төсөл буюу камержуулалтын талаар мэдээлэл өглөө.
Уг төслийн хүрээнд тухайн бүс нутгийн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг газрууд болон хүн амын төвлөрөл ихтэй зах худалдааны төв, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгийн орчим дахь цэгүүдийг камержуулж цагдаагийн байгууллагын дэд төвтэй холбодог байна.
Төслийн үр дүнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр бүрэн камержиж ногоон бүс болсон ба тухайн дүүрэгт үйлдэгдэж байсан гэмт хэрэг 48.6 хувиар буурчээ.
Энэ онд нийслэлийн таван дүүргийн 12 хороонд төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр нийтдээ 1,522 хяналтын камерыг шинээр байршуулаад байгаа аж.
Өмнө нь камерыг байнга хүн хараад суудаг байсан бол энэ удаагийн камержуулалт нь ухаалаг программ хангамжаар хийгдэж байгаа гэдгээрээ онцлог юм байна.
Энэ жил Улаанбаатар хотын бүх хороо, 2025 оны хоёрдугаар улиралд аймаг сумдыг бүрэн камержуулахаар төлөвлөөд байгаа аж.