Өнөөдөр “Парис-2024” Зуны олимпийн XXXIII наадмын спортын гимнастикийн тэмцээн өндөрлөж байна.
Тэмцээний сүүлчийн өдөр Бразилийн нэрт гимнастикч олимп, дэлхийн аварга Ребека Андраде чөлөөт дасгалд алтан медаль хүртэж, Олимпийн хошой аварга боллоо.
Энэ үеэр 25 настай Бразил гимнастикчийг мөнгөн медаль авсан Симоне Байлс ( Олимпийн 7 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальт), хүрэл медаль хүртсэн АНУ-ын Жордан Чайлз ( Олимпийн алт, мөнгө,хүрэл медальт) нар шагналын тавцанд ийн хүндэтгэл үзүүллээ.
Ребека Андраде бол хүндэтгэхээс ч аргагүй гимнастикчин. Өрх толгойлсон найман хүүхэдтэй ээжийн охин Ребека дөрвөн настайгаасаа гимнастикаар хичээллэсэн бөгөөд ээж нь айлын гэр цэвэрлэж олсон мөнгөөрөө охиныхоо бэлтгэлийн төлбөрийг төлдөг байсан ажээ.
Түүнээс гадна Ребека маш олон удаа гэмтэл авч, олон ч мэс заслыг даван гарсан бүсгүй. Баруун өвдгөндөө л гэхэд гурван удаа ACL хагалгаа хийлгэж байсан гэнэ.
2018 оны ДАШТ-д хүнд гэмтэл авч , цаашид спортоо орхих эсэхтээ эргэлзэж байх үед өөр хэн ч биш өнөөдөр түүнд ялагдсан Симоне Байлз ” Хэзээ ч битгий бууж өгөөрэй! Чи бол маш авьяастай. Чи үүнийг даван туулах болно” хэмээн урам өгснийг Ребека дурсаж, түүнд ач санаж явдагаа өгүүлдэг бол Байлз харин түүний тухайд ” Би Ребекатай тэмцээнд өрсөлдөх маш дуртай. Тэр л намайг хурцалж, энэ амжилтад хүргэсэн” гэж хэлжээ.
Спорт, олимп гэдэг бол хэдийгээр өрсөлдөөн ч хүндэтгэл, нөхөрлөл бас чухал байдгийг эдгээр тамирчид харууллаа, ГАЙХАЛТАЙ, ГОЁ, ГАНГАН…
Ц.Энхтүвшин
“Таван цагариг” сонин