Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “Тавантолгой түлш” компани 100 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 50 хувьтай байна.
Түлшний үйлдвэрүүд энэ сарын 1-нээс ажиллаж эхэлсэн бөгөөд шахмал түлшний чанар, аюулгүй байдалд гол анхаарлаа хандуулж байгаа аж. Тиймээс тус компани ШУТИС, МУИС-тай хамтран шахмал түлшний чанарыг сайжруулах судалгаа хийх ажлын хэсэг гарган ажиллажээ. Шахмал түлшний найрлагын 20-30 хувьд нь барьцалдуулагч түүхий эд оруулдаг байна. Тэгвэл энэхүү барьцалдуулагч бодисын 50 хувийг дотоодоос, үлдсэнийг нь БНХАУ-аас импортоор авдаг аж.
Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 650 шахмал түлш борлуулах цэг ажилласан. Шахмал түлш борлуулах цэгийг иргэдээс хүсэлт авч сонгон шалгаруулдаг байна.
Хавар бүр шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн гэрээг дуусгавар болгодог. Харин хариуцлагатай сайн ажилласан иргэдтэй дахин гэрээ байгуулдаг гэнэ. Энэ жилийн хувьд наймдугаар сарын 15-наас цахимаар шахмал түлш худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг бүртгэж, есдүгээр сарын 15-наас шахмал түлшийг худалдаж эхэлнэ.