Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Ням гаригт Ираны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Али Багери Канитай утсаар ярьжээ. Тэрбээр энэ үеэрээ Ираныг бүрэн эрх, аюулгүй байдал, үндэсний нэр төрөө хамгаалахыг нь Хятад дэмжинэ гэж хэлсэн байна.
Тегеранд өнгөрсөн сарын 31-ний өдөр Хамас бүлэглэлийн тэргүүн Исмаил Ханиегийн амь насыг хөнөөсөн. Энэ хэргийг Бээжин зэмлэн буруушаасныг Ван И давтан хэлжээ. Ван И хэлэхдээ “Энэ хэрэг Ираны бүрэн эрхт байдлыг зөрчиж, бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлж байна. Мөн Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийн үйл явцыг шууд бусниулж байна. Хятад улс нь хууль тогтоомжийг сахихын зэрэгцээ бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах хүчин чармайлтын хүрээнд Ираны бүрэн эрх, аюулгүй байдлаа хамгаалахыг нь дэмжиж, нягт харилцаа тогтооход бэлэн” гэжээ.
Исмаил Ханиегийн амийг хөнөөсөн хэрэгт Иран болон Хамас бүлэглэл Израилийг буруутгаж буй. Харин Израиль энэ аллагын хариуцлагыг албан ёсоор хүлээгээгүй, мөн үгүйсгээгүй.
Дашрамд дурдахад, Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян Ням гаригт Гадаад хэргийн сайдаар Аббас Аракчиг нэр дэвшүүлжээ. Аббас Аракчи нь 2013-2021 онд Ираны цөмийн хэлэлцээний ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан юм.
Эх сурвалж: REUTERS