Нийслэлийн хяналт шалгалтын газар, Геодези Усны Барилга Байгууламжийн Газраас/ГУББГ/ усны барилга байгууламж, барилга угсралтын ажлуудад төлөвлөгөөт бус шалгалт хийжээ. Шалгалтаар хэд хэдэн зөрчлийг илрүүлж холбогдох арга хэмжээг авсан байна.
Энэ талаар Нийслэлийн хяналт шалгалтын газрын хэлтсийн дарга Г.Батбаатар “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Орчлон” сургуулийн өргөтгөл “Эм Си Эс” пропертиз ХХК-ийн гүйцэтгэж буй барилгын талбайд хяналт шалгалтыг явуулахад “Суруга Монгол” ХХК-ийн гүйцэтгэсэн усны барилга байгууламжийг гэмтээж, зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байсныг илрүүлж зөрчлийг арилгуулсан.
Барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй 23 зөрчилд, зөрчлийн хэрэг нээн 73 сая төгрөгийн арга хэмжээ авч улсын байцаагчийн дүгнэлтээр 28 аж ахуйн нэгж байгууллагад албан даалгавар хүргүүлээд байна” гэж мэдээллээ.
ГУББГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас ус зайлуулах хоолой усаа тогтоохгүй эргэн халих асуудал үүссэн. Үүнтэй холбогдуулан бид төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулж үзэхэд барилгын компаниуд борооны ус зайлуулах шугам, хоолой руу хөрсний усаа шавхсанаас болж борооны ус авто зам, явган хүний зам руу тогтож байгааг илрүүлсэн. Үүнээс болж борооны ус зайлуулах төмөр бетон хоолой эвдэрч, гэмтсэн учир борооны ус зайлуулах хоолой руу хөрсний ус шавхсан барилгын компаниудад зөрчлийн хэрэг нээн шалгаж байна” гэв.