Сайн ардчилсан нэгдэл намын дарга Б.Жагар, Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв.
Тэд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Шаардлагад “Энэ сарын 21-ны Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний үнийг чөлөөлж, үнийг 30 хувиар нэмэх шийдвэр гаргалаа. Энэ нь иргэдийн амьжиргаан түвшинг дордуулж, инфляцыг өдөөнө. Цагаа олоогүй, харалган шийдвэр боллоо.
Иргэд банкны өндөр хүү, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, төрийн өндөр зардалд дарлуулж байна. Цар тахлын үеэр эрс нэмэгдсэн үнийн өсөлтийн дарамтаас бид гарч чадаагүй байна. Засгийн газар сүүлийн жилүүдэд зардлаа хэт өсгөж, гадаад өрийг эрс нэмсэн. Тээвэр ложистикийн хямралаар далимдуулж, хэдхэн монополийн гарт эдийн засгийг атгуулсан. Жижиг бизнесүүдийг олноор дампууруулан, тэр хэрээр жирийн иргэдийн орлого буурсан.
Гэтэл дахин эдийн засгийн хувьд хэлмэгдүүлж байгааг бид эсэргүүцэж байна. Иймд төсвийн алдагдал үүсгэж буй хулгайг зогсоох, Зөвшөөрлийн тухай хуулийг эргэн харах шаардлагатай. Энэ хууль жижиг бизнес эрхлэгчдийг боомилсон. Иргэдэд өөрийн боломжийн хүрээнд бизнесээ чөлөөтэй эрхлэх таатай боломжийг олгохыг шаардаж байна.
Цөөн монополыг татвараас чөлөөлсөн алдаагаа залруулж, НӨАТ-ын хувь хэмжээг буулгах, эрчим хүчний шинэчлэл хийхдээ эрчим хүчийг тасралтгүй ашиглах, томоохон хэрэглэгчийн асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой. Гэтэл хэрэглээний цахилгааны үнийг нэмж, иргэдэд ачааны хүндийг үүрүүлэх гэж байна. Энэ нь цагаа олоогүй бодлого тул шинэчлэлээ хойшлуулах ёстой” гэжээ.
Тэд шаардлагаа МАН, АН, ХҮН намын дарга нарт тус тус хүргүүлнэ гэв.