\”Эрдэнэт-Бизнес форум” амжилттай үргэлжилж байна. Хөтөлбөрийн дагуу оролцогчид илтгэлээ танилцуулж байгаа юм.
Тухайлбал, \”Эрдэнэт-Бизнес форум”-д оролцогчдод аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Цолмон \”Эрдэнэт хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г танилцууллаа. Энэхүү төлөвлөгөө нь МУ-ын ЗГ-ын 2005 оны 201-р тогтоолоор батлагдсан. Үүний хүрээнд 2020 онд Эрдэнэт хотыг 131 мянга 500 оршин суугчтай, орон сууц, спорт соёлын 22 нэгжид хамаарах барилгажсан 19 хороололтой байхаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар манай хотын 6 хороолол иж бүрэн барилгажсан бол дахин 6 хорооллын барилгын ажил эхлээд байгаа юм. Өнгөрсөн оны байдлаар Эрдэнэт хотын нийт өрхийн 43 хувь нь инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон нийтийн болон амины орон сууцанд амьдарч байсан. Тиймээс хотыг дахин төлөвлөх ажил хийгдэж байгаа бөгөөд үүнд хөрөнгө оруулагчид оролцох боломж нээлттэй гэдгийг онцлон хэллээ.
\”Эрдэнэт хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ий хэрэгжилтийг оновчтой болгох зорилгоор орон нутгийн засаг захиргаа Дэнж, 1А, 2А, 7, 7А, 8, 10, 11-р хороолол болон Үйлдвэрлэл технологийн парк, Жаргалант сумын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж баталсан юм. Ингэснээр хот байгуулалт улам тодорхой болсон гэж ГХБХБГ-ын дарга Д.Цолмон хэллээ. Мөн шинээр баригдах хэд хэдэн хорооллын инженерийн шугам сүлжээний зардлыг төсвөөс гаргахаар болсон нь барилга угсралтын ажил хэвийн явагдах нөхцөл бүрдэж газрын болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлж байна гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа аж.
С.НАМЖИЛМАА: ОРХОН АЙМАГТ ХӨДӨӨ АЖ АХУЙ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖИХ ӨНДӨР БОЛОМЖТОЙ
Форумд оролцож буй МУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний хөгжлийн газрын салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн С.Намжилмаа \”Бүсчилсэн хөгжлийн бодлого болон орон нутгийн хөгжлийн бодлого” сэдвээр илтгэл танилцууллаа. Тэрээр илтгэлдээ МУ-ын бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд Орхон аймаг бүс нутагтаа буюу хангайн бүсэд аль салбартаа тэргүүлэх, дээрх бодлогод ямар төслийг тусгах сонирхолтой, хөрш улсуудтай хэрхэн хамтрах зэргийг тодорхой болгох хэрэгтэй талаар дурдлаа. Ингэснээр Үндэсний хөгжлийн газар манай аймгаас тодорхойлсон зорилтуудыг бүсчилсэн хөгжлийн бодлогод тусгах боломжтой юм байна. Тус газраас 100 гаруй үзүүлэлтийг харгалзаж үйлдвэржилтийн байршлын зураглалыг боловсруулсан гэнэ. Энэ зураглалаар Орхон аймаг нь хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл хөгжих өндөр боломжтой нутаг дэвсгэр юм байна. Тиймээс \”Эрдэнэт-Бизнес форум”-д оролцогчид энэ салбарт хөрөнгө оруулах нь ашигтай гэдгийг Үндэсний хөгжлийн газрын салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн С.Намжилмаа хэллээ.
О.ОНОН: ҮЙЛДВЭРЖИЛТ 21:100 ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖСЭНЭЭР АЖЛЫН БАЙР НЭМЭГДЭЖ, ИМПОРТЫГ ОРЛОХ, ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД БИЙ БОЛНО
Үүний дараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Онон \”Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих талаар Төрөөс баримталж буй бодлого шийдвэр, цаашдын зорилт”-ыг танилцуулсан. Тус яамнаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн шинэчлэлийг 2017-2019 оны хооронд шат дараатай хийхээр төлөвлөж байна. Мөн хөнгөн үйлдвэр, худалдаа, үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд Үйлдвэржилт 21:100 тэргүүтэй үндэсний хэмжээний хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт тавьжээ. Үйлдвэржилт 21:100 хөтөлбөр нь 21 аймагт үйлдвэрлэлийг хөгжүүлж импортыг орлох бүтээгдэхүүн бий зорилготой бөгөөд эрх зүйн орчин, хүний нөөц, түүхий эд, дэвшилтэт, техник технологи, борлуулалт, маркетинг гэсэн чиглэлүүдэд тодорхой зорилтуудыг дэвшүүлээд байгаа юм. Хөтөлбөр хэрэгжсэнээр ажлын байр нэмэгдэж, импортыг орлох, экспортын бүтээгдэхүүнүүд бий болно гэж үзэж байгаа гэнэ. Одоогоор хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрэгтэй санал асуулга орон даяар явагдаж байна. Тиймээс манай аймаг ямар төрлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа тус яаманд хүргүүлэх хэрэгтэйг Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Онон хэллээ. Түүнчлэн Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар тогтоол гарч, \”Мах, сүүний анхдугаар аян”-ыг улс орон даяар зохион байгуулж байна. Уг аян нь Үйлдвэрийн аргаар боловсруулсан махны хэмжээг жилд 60 мянган тонн, сүүний хэмжээг 250 сая литрт хүргэхээр хэрэгжиж байна. Уг аянд Орхон аймгийн малчид, фермерүүд хамрагдах бүрэн боломжтой.
\”Эрдэнэт-Бизнес форум”
Мэдээллийн төв