Хөдөлмөрийн зах зээлийн талаар Intelligent.com сайтаас саяхан танилцуулсан шинэ тайланд дурдсанаар компаниуд Z үеийн ажилчдыг ажилд авснаас хойш хэдхэн сарын дараа халж байгаа ажээ.
Судалгаанаас харахад, зургаан бизнес эрхлэгч тутмын нэг нь Z үеийг харилцааны ур чадвар, зан төлөв болон мэргэжлийн ур чадвараас нь болж ажилд авахдаа эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн 10 ажил олгогч тутмын зургаа нь 2024 онд ажилд орсон төгсөгчдийг ажлаас нь халсан байна. Долоон хүн тутмын нэг нь ирэх жил ч гэсэн шинэ төгсөгчдийг ажилд авахаас татгалзаж магадгүй гэж мэдэгджээ.
Судалгаанд 1000 орчим бизнесийн удирдагчдыг хамруулжээ. “Intelligent”-ийн Боловсрол, хөгжлийн ахлах зөвлөх Хуй Нгуен “Z үеийнхэн бага бүтэцтэй орчин, ажлын байрны соёлын динамик байдлыг хангаж ажиллахад хангалттай биш байдаг. Тэд онолын мэдлэгтэй ч ихэвчлэн практик, бодит туршлага, мэргэжлийн ур чадвар дутмаг байна. Мөн Z үеийнхний хувьд ажлын байран дээрээ залхуу, хамтран ажилладаггүй гэсэн хэвшмэл ойлголт бий болсон” гэжээ.
ТУЗ-ийн хэмжээнд компаниудын 75 хувь нь шинэ төгсөгчдийг хангалтгүй гэж үзжээ. Ажил олгогчдын 39 хувь нь Z үеийнхнийг харилцааны ур чадвар муу, 46 хувь нь мэргэжлийн ур чадвар дутмаг нь хамтран ажиллахад хэцүү гэж хариулсан байна.
Гэвч хүний нөөцийн зөвлөх Брайан Дрисколлын хэлснээр асуудал нь Z үеийнхэн биш, боловсролын системтэй холбоотой байж магадгүй гэж үзэж байна. Тэрээр “Өнөөдрийн боловсрол онолыг чухалчилдаг. Ажил олгогчид шинээр ажилд орсон хүмүүст зааж сургахын оронд ажилчдыг бэлтгэлгүй, туршлагагүй гэж ажлаас нь халж байна. Энэ нь олон түвшний системийн доголдлыг илтгэх мөчлөгийн асуудал” гэжээ.
Мөн тэрээр “Шинэ төгсөгчдийг ажлаас нь халаад байвал урам хугарсан, дутуу үнэлэгдсэн ажилчдын үеийг бий болгоод зогсохгүй ажиллах хүчний урт хугацааны өсөлтийг сааруулж, хөдөлмөрийн зах зээл өөрөө доголдох эрсдэлтэй” хэмээсэн байна.