Иран улс Израилд пуужингийн бөөгнөрүүлсэн цохилт өгсний дараа хийсэн мэдэгдэлтэй нь холбогдуулан Израилын эрх баригчид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг тус улсад зорчихыг хориглож, түүнийг “Израилын эсрэг бодлого явуулж байна” гэж дахин буруутгав.
Ираны тал пуужин харвасны дараа А.Гутерриш олон нийтийн X (хуучнаар Twitter) сүлжээнд гурван өгүүлбэр бүхий товч мэдэгдэл нийтэлжээ. “Би Ойрх Дорнод дахь мөргөлдөөнийг улам даамжруулж байгааг буруушааж байна.
Үүнийг зогсоох ёстой. Бид дайны галыг зогсоох хэрэгтэй” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бичсэн байна. Харин А.Гутерриш Израилыг шууд дурдаагүй, Иран улс нутаг дэвсгэр рүү нь пуужин харвасныг буруушаагаагүйд Израилын эрх баригчид ихэд эгдүүцсэн байна. Израилын Гадаад хэргийн сайд Исраэль Кац А.Гутерришийг “террористуудыг дэмждэг Израилын эсрэг хандлагатай Ерөнхий нарийн бичгийн дарга” гэж мэдэгдээд түүнийг тааламжгүй этгээд /персона нон грата/ гэж зарлажээ.
И.Кац мэдэгдэхдээ “Дэлхийн бараг бүх улс орон Израил руу хийсэн Ираны халдлагыг хоёрдмол санаагүйгээр буруушааж байхад үүнийг буруушаагаагүй хүн Израилын нутаг дэвсгэрт хөл тавих эрхгүй. Гутерриш үүнд оролцох эсэхээс үл хамааран бид иргэдээ, улс үндэстнийхээ нэр төрийг хамгаалсаар байх болно” гэсэн байна.
Лхагва гарагт А.Гутерриш Израилын эрх баригчдын эл мэдэгдэлд хариу өгч, Ираны үйлдлийг буруушаасан байна. “Өчигдөр хийсэн мэдэгдлийнхээ агуулгыг харахад илүү тодорхой байх ёстой байсан тул би Иранаас Израил руу пуужин харвасныг дахин хатуу зэмлэн буруушааж байна” гэж А.Гутерриш НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр хэлээд гал зогсоохыг дахин уриалжээ.
Израилын Гадаад хэргийн сайд И.Кац “Израилын эсрэг бодлого явуулж байна” хэмээн НҮБ-ын тэргүүнийг өмнө нь хэдэнтээ буруутгаж байсан юм.
Аравдугаар сарын 1-ний мягмар гаргийн орой Иранаас Израил руу 180 орчим пуужин харвасан боловч пуужингуудыг үндсэндээ бүгдийг нь амдан сөнөөсөн гэж Израилын Батлан хамгаалах арми мэдэгдсэн юм.
Д.Жаргал