УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Засгийн газрын өрийг асуудлыг хөндөв.
Тэрбээр “2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Засгийн газрын нийт өр 30 тэрбум төгрөг байh бол 2025 оны арванхоёрдугаар сарын 31-н буюу ирэх оны эцсээр 40 тэрбум төгрөг болж өрийн хэмжээ 10 тэрбумаар нэмэгдэх нь.
Засгийн газрын хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийг хэрэгжүүлэхийн тулд 35 тэрбум ам.долларын өр батлах гээд байна. Энэ өрийг батлахдаа гишүүд ул суурьтай хандмаар байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар эрчим хүч, дэд бүтцийн зориулалттай зээлийг Засгийн газрын өрөнд тооцохгүй гэдэг болсон. Үүгээр далимдуулаад өнгөрсөн 30 жилийн хугацаанд тавьсантай тэнцэх их хэмжээний зээл авах асуудал ороод ирж байгаа юм биш байгаа. 2025 онд хэдэн тэрбум ам.долларын өр тавих вэ гэдгийг асууя.
Ер нь Л.Гантөмөр маань мах комбинатын улаан ямаа шиг л яваад байх шиг байна зайлуул. Би Эдийн засаг, хөгжлийн сайд гээд өр тавих асуудлыг манлайлаад. Маш их өр тавьсны дараа Л.Гантөмөр улаан ямаа болоод, АН-ынхан ингэсэн гэдэг асуудалд орох вий.
Гурван нам нийлсний цаад учир нь хязгааргүй өр тавихад л байх шиг байна” гэж асуув.
УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр “Жишээ нь, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг барина, зээл авна гээд шийдчихсэн юм билээ шүү. Одоо үүнийг хийхгүй гээд яах юм. Хятадын Засгийн газраас авахгүй гэх юм уу.
Нэг тэрбум ам.доллароор газрын тос боловсруулах үйлдвэр барина гээд Энэтхэгийн Засгийн газартай тохирчихсон. Тэрийгээ одоо авахгүй гэх юм уу.
Тохироод, шийдвэр гарчихсан зээлүүдийг л өнөөдөр ярьж байгаа. Шинээр авах зээл бол гарна. Бид үндэсний хиймэл дагуултай болно. Ингэхийн тулд зээл авна. Үүнийг Их Хурлаар ярилцана.
Түүнээс биш 14 мега төслийг хэрэгжүүлэх гээд зээл авах гэж байна гэдэг цуурхал шүү. Шинэ зээлийг нууцаар авдаггүй юм. Зээлийг УИХ-аар баталдаг. Хэлэлцэх үед нь гишүүд та бүхэн зээл авахгүй гэдгээ хэлээрэй. Харин өмнө нь авахаар тохирсон зээлийг одоо бид хамтарсан учраас болилоо гэхгүй” гэдэг хариулт өглөө.