Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун ХБНГУ-ын Берлиний өвөг түүхийн музейн захирал Матисс Бемхофтой уулзаж, хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор 2026 онд “Чингис хаан: монголчуудын ертөнц” том хэмжээний олон улсын үзэсгэлэнг алдарт Симон галларейн танхимд гаргахаар тогтлоо.
Айлчлалын хүрээнд тус үзэсгэлэнд оролцуулах Хүлэгүгийн улс буюу Ил хант улсын Берлинд хадгалагдаж буй дурсгалууд, текстиль эдлэл, чулуун эдлэлийн лабораториудтай танилцсан юм.
Энэ үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун Хумбольт форумын захирал Кохтой уулзаж, “Дэлхийд тархсан өв цуврал”-д Герман дахь монголын өв каталогийг хэвлэн нийтлүүлэх эрхийг авч, удахгүй гаргахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд Берлиний Үндэсний номын сангийн Азийн тасагт буй Дьезийн XIII зууны монгол зураг, Турфанаас олдсон монгол бичгийн дурсгалууд, XIX зууны Халхын хошуудын зургаас хэвлэн нийтэлж оруулахаар захирал Каунтай тохиролцож, энэ онд багтаан эхний боть гаргахаар болсон юм.
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хаан Үндэсний музей хамтран “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг дэлхийн нэр хүндтэй музейд гаргахыг зорьсны үр дүнд 2027 он хүртэл олон улс оронд гаргахаар боллоо.
Чингис хаан Үндэсний музей байгуулагдсан цагаасаа хойш гадаад хамтын ажиллагаандаа ихээхэн анхаарч 10 гаруй орны нийт 20 гаруй музейтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан томоохон төсөл хөтөлбөр, хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулав.
Эх сурвалж: Чингис Хаан Үндэсний Музей