Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг товлосон хугацаандаа буюу өнөөдөр зарлагдсан талаар НЗДТГ-аас мэдээллээ.
Хамгийн сүүлд метро барих төслийн ажлын хэсгийн хуралдаан есдүгээр сарын 30-нд болж, метроны техникийн тодорхойлолтыг баталж, Тендерийн үнэлгээний хороо руу шилжүүлжээ. Харин их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын Сөүл хотын метрог барьсан “Духуа инженеринг” компани үзүүлж байгаа аж.
- Улаанбаатар метроны шугам ойролцоогоор 17.7км урттай.
- Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх бөгөөд нийт аяллын хугацаа 27 минут байна.
- Өргөгдсөн болон газар доорх 14 өртөө зогсоолтой.
- Зогсоол хоорондын зай 1.3 км.
- Зорчигч тээвэрлэх чадвар оргил ачааллын үед нэг цагт нэг чигт 17 мянгаас 26 мянган хүн тээвэрлэнэ.
- Мөн ил, далд инженерийн байгууламжууд хийж, метроны 14 өртөө зогсоолыг худалдаа, үйлчилгээний цэг байдлаар хөгжүүлэхээр төлөвлөжээ.
Метроны барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлэх юм байна.