БНАСАУ-ын шинэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Өмнөд Солонгосыг албан ёсоор “дайсагнагч улс” хэмээн тодорхойлсон тухай Солонгосын мэдээллийн төв агентлаг (KCNA) өнөөдөр мэдээлэв.
Хоёр Солонгосыг холбосон авто зам, төмөр замын хойд хэсгүүдийг саяхан дэлбэлсэн нь “Өмнөд Солонгосыг дайсан улс хэмээн тодорхой заасан БНАСАУ-ын Үндсэн хуулийн шаардлагад нийцүүлэн авсан зайлшгүй бөгөөд хууль ёсны арга хэмжээ байв” гэж KCNA мэдээлжээ. Ингэснээр Умардын тал Өмнөдтэй нэгдэх төлөвлөгөөнөөс албан ёсоор татгалзаж байна.
Тус агентлаг Умард Солонгосын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Аравдугаар сарын 15-ны өдөр Умард Солонгосын тал Өмнөдтэй холбогддог авто замуудыг дэлбэлсэн тухай Өмнөд Солонгосын “Yonhap” агентлаг улсынхаа Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдэгдлээс эш татан мэдээлсэн юм. Эдгээр авто замыг Солонгос хоорондын хамтын ажиллагааны бэлэг тэмдэг гэж үздэг байсан бөгөөд Пёньяны эл үйлдлийг Өмнөдтэй дайсагнаж буйн илрэл гэж үзэж болно гэж “Yonhap” агентлаг мэдээлж байв.
Д.Жаргал