УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин төсвийн төсөлд оруулах санал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Гурван намын мөрийн хөтөлбөрийн заалтуудыг байнга сануулна.
Тэрбээр “УИХ-ын чуулганаар 2025 оны төсвийг хэлэлцэж байна. Засгийн газрын оруулж ирсэн энэхүү төсвийн төлөвлөгөө нь ард иргэдийн засагт итгэх итгэлийг алсруулж байна. Дахиж энэ итгэлийг сэргээхэд асар их цаг хугацаа, зардал шаардагдахаар болж байна. Хүмүүсийн амьдрал хэн нэгэн дарга, улс төрийн намаас хамаардаггүй, хөгжин дэвших боломж бүгдэд нь нээлттэй байгаасай гэж боддог. Энэ боломжийг нээх хамгийн зөв зам бол төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийн санал санаачилгыг дэмжих явдал юм.
Өнгөрсөн парламентын сонгуулиар сонгогчдын саналыг авахын тулд гурван нам амлалтдаа нэг заалтыг оруулсан байсан.
1. МАН төсвийн зарлагыг ДНБ-ний 25 хувь хүртэл буулгана 2. АН төсвийн зарлагыг 20 хувиар буулгана 3. ХҮН нам төсөв буулгах тогтвортой бодлого явуулна, бодитоор төсвийн бодлого явуулна гэсэн амлалтуудыг тус тус өгсөн.
Сонгуулийн өмнө, ялангуяа МАН хувийн хэвшлийг дэмжих нь гэсэн итгэл найдвар байсан, тиймдээ ч УИХ-д нэр дэвших саналыг хүлээж авсан. Гэтэл эхний нэг жилийн төсвийг хэлэлцэж байна, 2023 оны төсөвтэй харьцуулахад 60 хувиар нэмж, ДНБ-ий 37,7 хувь болгох төсөл оруулж ирж байна. Хувь хүнийхээ хувьд бодоход энэ бол бүлэг залилангийн нэг хэлбэр юм. Иргэд, сонгогчдыг дөрвөн жилийн дараа мартчихна гэж эндүүрч төсвийн зардлаа буулгахгүй байгаа нь харамсалтай.
ААН, иргэд цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд л амьдарч байна. Гэтэл төсвийн урсгал зардлыг 10 их наяд төгрөгөөр нэмнэ гэнэ. Тэр хэмжээгээрээ татварын орлогыг 10 их наядаар нэмэх буюу ААН, татвар төлөгчдийн орлогыг 50 хувиар нэмэгдүүлнэ гэж тооцоолол хийжээ. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг ойлгохгүй байна. НӨАТ-ын өр 2024 оны 6-р сарын байдлаар 540 тэрбум төгрөг буюу ковидын өмнөх үеэс 3,6 дахин нэмэгдсэн. Татварын алданги 2020 онтой харьцуулахад 3,5 дахин нэмэгдсэн буюу 70 их наяд төгрөгийн торгуулийн төлбөр тавигджээ.
Би энд хулгай хийх гэж орж ирээгүй. Дахин сонгогдохын тулд сүнсээ зарахад бэлэн нэгэн биш.
Төсвийг ядаж 5,3 их наяд төгрөгөөр бууруулж дахин санал оруулж ирэхгүй бол дэмжих боломжгүй. Гишүүдийн саналыг оруулах нэлээн хүндрэлтэй юм. Учир нь Засгийн газар нь дүнг буулгаж УИХ-д хэлэлцүүлэхээр оруулаагүй, анхнаасаа өндөр дүнтэй байхаар алийг нь хэрхэн буулгахаа тодорхойлж чадахгүй, цаашдынх нь үйл ажиллагаанд нөлөөлнө гэж үздэгийнх үү буулгахгүй байна. Өөрөөр хэлбэл ерөнхий байдлаар төсвийг батлахаар хулгай хийх боломж, бололцоо нь бүрдэнэ гэсэн үг. Төсвийн зардлыг буулгаснаар маш олон асуудлыг шийдэх боломжтой. Бид татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг буулгаач гэхэд боломжгүй гэдэг ч зардал нэмэхэд ямар ч тооцоололгүй шууд 60 хувь нэмж байна. Үүний цаана татвар төлөгчдийн ачаалал л нэмэгдэнэ.
Тэгэхээр УИХ, эрх баригч гурван нам амьдралаас тасарсан байна. Ялангуяа АН, ХҮН намыг мөрийн хөтөлбөр дээрээ тусгасан учраас дэмжих байх гэж бодож байсан ч тойрогтоо мөнгө тавиулах гэсэн жижиг зорилгодоо хөтлөгдөж байна. Цаашид энэ байдал удаан үргэлжилбэл, өөрчлөлт орохгүй бол миний хувьд энд байх шаардлагагүй гэж бодож байна. Тиймээс би өөрийн чадах хүртэл гурван намын мөрийн хөтөлбөрийн заалтуудыг сануулна.
Намын бүлгийн анхны хуралдаанд эсрэг байр суурь илэрхийлсний дараа надад тодорхой хэмжээний дарамт ирсэн. Тэгэхээр миний хувьд зарчим, үнэт зүйл бий. Би энд хулгай хийх гэж орж ирээгүй. Дахин сонгогдохын тулд сүнсээ зарахад бэлэн нэгэн биш. Амлалтаа зөрчиж буй Засгийн газарт би хувьдаа итгэл алдарч байна. Тиймээс өөрийн байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй байдалд хүрлээ” гэлээ.