Зайсангийн хуучин гүүрийг 1968 оноос хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2013 онд стандартаар хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барих гэж байна. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.
Мөн Зайсангийн хуучин гүүрний хажуугийн шинэ гүүрийг хийхдээ бохирын шугамыг угсарсан. Хуучин гүүрний доогуур тус шугам явж байгаа учраас холбохын тулд шинэ гүүрнээс урагш Зайсангийн уулзвар хэсэгт худаг суурилуулаад долоон метрээр бохирын шугамыг суулгасан байна. Зайсангийн гүүрийг шинэчлэхийн тулд гүүрэн доорх бохирын шугамыг шилжүүлж шинэ гүүрэнд залгах хэрэгтэй болжээ. Холбох ажил зургаан метрийн дор явагдана. Тиймээс газар хөлдөхөөс өмнө арванэгдүгээр сарын 1-нээс нэг сарын хугацаанд бохирын шугамыг холбож дуусгана. Арванхоёрдугаар сарын 1-нээс нэгдүгээр сарын 15-нд гүүрний эхний нураалтын ажлуудыг хийнэ. Ингэхдээ доош 18 метр урт шонт сууриудыг суурилуулах юм. Хөлдөлтийн гүнээс доош учир өвөл суурилуулах бүрэн боломжтой. Газар гэссэнээс хойш гуравдугаар сарын 1-нээс цутгалтын ажлуудыг хийж, долоодугаар сарын 10-нд шинэ гүүрээ барьж дуусахаар төлөвлөжээ.
Хажуугийн шинэ гүүрийг барьж байх хугацаанд дам нуруунуудыг 70 хувьтай бэлтгэсэн. Дам нуруу суурилуулах үед бэлтгэл бүрэн дуусна. Одоо гүйцэтгэгч бэлэн, ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.