ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Манайд умайн хүзүүний хорт хавдраар 4700 гаруй хүн оношлогдож, тэдгээрээс жилд 160 хүн нас барж, 400-500 хүн шинээр халдвар авч байна гэсэн тоог судалгаанаас харж болно.
Вакцины талаар сөрөг мэдээлэл, эргэлзээнд хариулт өгөхөөр АШУҮИС-ийн Био анагаахын хүрээлэнгийн захирал, Бичил амь судлал, халдварын сэргийлэлт, хяналтын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор, хүний их эмч Ч.Баттогтохтой ярилцлаа.
-Хүний папиллома вирус буюу хөхөнцөр вирусийн эсрэг вакцин энэ сарын 28-наас орон даяар хийх гэж байна. Монгол Улсад энэ вирусээр үүсгэгддэг өвчний нөхцөл байдал ямар түвшинд хүрээд байна вэ гэдгээс яриагаа эхэлье?
-Вакцинжуулалт гэдэг хүн амын өвчлөлөөс сэргийлэх хамгийн амжилттай хэрэгждэг дээрээс нь өвөрмөц хамгаалалт үүсгэдэг ийм шинжлэх ухааны ололт дэвшлүүд гайхамшгуудын нэг. Папиллома вирусийн эсрэг вакцин дэлхийд амжилттай хэрэгжүүлсэн орнууд олон. Олонх нь умайн хүзүүний вирусийн халдварын улмаас үүсдэг өвчлөлийг устгах тухай ярих хэмжээнд очсон байна.
Бид харин одоо л энэ вакциныг хийж эхлэх тухай ярьж байгаа нь дэлхийн улс орнуудаас маш олон жилээр хоцорсон байгаагийн илэрхийлэл. Үүнд олон хүчин зүйл нөлөөтэй. Тухайлбал, мөнгө санхүү, зохион байгуулалт, худал ташаа мэдээлэл зэрэг саад бэрхшээл олон байлаа.
Гэтэл вакцинжуулалт шаардлагатай юу гэвэл мэдээж шаардлагатай. Яагаад гэвэл энэ вирусийн халдварын хүндрэл эцсийн шатаар илэрдэг өвчлөлийн тоо, нас баралтын шалтгаан дэлхийн дунджаас өндөр байгаагаар харагдаж байна. Энэ вакцин цочмог халдвараас сэргийлэх вакцин биш. Удаандаа, олон жилийн дараа илэрдэг учраас хүмүүсийн шинжлэх ухаанд итгэх эргэлзээ, хүн амын эрүүл мэндийн боловсрол дутмаг байдлаас болж ташаа мэдээлэл, сөрөг ойлголт түгээж байгаа нь харамсалтай.
-Вакцин хийснээр ямар үр дүн гарах юм. Үнэхээр энэ өндөр хувьтай байгаа өвчлөл, хавдраар оношлогдон эмчлэгдэх боломжгүйгээр нас барж байгаа байдалд нөлөөлөх үү?
-Вакцин хийснээрээ халдвараас сэргийлнэ. Халдвараас сэргийлснээр халдварын хүндрэлийн улмаас үүсдэг хорт хавдар, үү ургацаг гэх мэт салстад үүсдэг хүндрэлтэй өвчнүүдээс сэргийлнэ. Тэгэхээр ганцхан умайн хүзүү биш ам залгиур, эрэгтэй бэлэг эрхтэн, хошного гэх мэтийн эрхтнүүдэд үүсэх хавдрын урьдал болон хавдрын өвчлөлүүдээс сэргийлнэ. Нэг хүндрэлтэй зүйл бол жирэмсэн эхийн салстад байгаа өвчлөлийн вирус нярай хүүхдэд төрөх замаар халдварладаг. Нярай хүүхэд төрөх үедээ вирусийн халдвар ээжээсээ авчихвал хорт хавдар болохгүй юм гэхэд хүүхдийн амьдралын чанарт нөлөөлөхүйц өвчлөл үүсгэдэг. Харни вакцин энэ бүгдээс сэргийлнэ.
-Сүүлийн үед вакцин эсэргүүцсэн худал мэдээлэл сошиал орчинд эрчимтэй түгэх боллоо. Та энэ вирусийг, энэ өвчнийг судалсан судлаач эмчийн хувьд вакцины чанар, орц найрлага, үр нөлөөний талаарх эргэлзээтэй мэдээлэлд хариулт өгөөч?
-Ер нь вакцин гэдэг зүйл үүсэж хөгжөөд, хөгжлийн явцад улам боловсронгуй болоод улам аюулгүй болж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ вакцины хувьд бид нарын өдөр тутамдаа хэрэглэдэг талхны исгэгч шиг зүйлийг ашиглаад вирусийн дархлааны ой санамж үүсгэдэг жижигхэн уургийг олшруулаад гаргаж аваад үйлдвэрлэж байгаа юм. Энд ямар нэгэн байгальд аюултай ч юм уу, хүний этик ёс зүй зөрчсөн ямар нэг бүтээгдэхүүн ашигладаггүй. Энэ вакцин рекомбинат вакцин учраас хийлгэсний дараа ерөнхий хариу урвал буюу халуурах зэрэг шинж тэмдэг бараг илрэхгүй. Гепатит Б-ийн вакцин яг энэ зарчмаар үйлдвэрлэгдсэн. Одоо хамгийн үр нөлөө багатай, хамгийн өндөр мэдрэг цэвэршилттэй гардаг ийм вакцин гэсэн үг. Нэг ёсондоо ямар нэг хариу урвал үзүүлэхгүй хамгийн аюул багатай вакцинуудын нэг гэж ойлгож болно.
-Бусад улс орнууд энэ вакцинд хамрагдаад энэ халдвараа, хорт хавдраа дийлжээ гэсэн сайн жишээ ярихаар вакцины чанарт асуудал байна гэх болж. Үнэхээр өндөр хөгжилтэй оронд сайн чанартайг, ядуу буурай оронд чанаргүйг нийлүүлэх боломжтой юу?
-Манай орны хувьд хийгдэж байгаа бүх вакцинууд НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж захиалагддаг учраас чанарыг хамгийн өндөр түвшинд хянадаг гэсэн үг. Хүүхдийн сангаар дамжуулж вакцин шаардлагатай орнуудын захиалгыг аваад, захиалгын дагуу бөөнөөр нь үйлдвэрлээд эцсийн хэрэглэгч хүнд хүртэл чанарын өндөр түвшинд хянагдаад ирдэг. Тэгэхээр зөвхөн Монголд зориулан хаа нэгтээ хямдхан вакцин үйлдвэрлээд тэр нь хяналт зөвшөөрөлгүй орж ирэх ямар ч боломж байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Вакцин гэдэг чинь дэлхийн хүн амын сайн сайхны төлөө хийж байгаа анагаах ухааны энэрэнгүй байх зарчимд тулгуурлан бүтээгддэг. Тиймээс нэг үйлдвэрт үйлдвэрлэсэн нэг төрлийн вакцинаа өндөр хөгжилтэй орнуудад өртгөөр нь ашигтай байх үнээр худалдаж, харин манайх шиг ядуу буурай орнуудад аль болох бага өртгөөр нь өгч байгаа юм. Үнэ өртгийн хувьд хямд байгаа нь ийм учиртай. Зарим өндөр хөгжилтэй орнуудад товлолт вакцинуудыг төлбөртэй хийдэг бол манайд нярайд үнэгүй хийдэг юм шүү дээ. Манай улс ингэж бүх товлолт вакцинаа төлбөртэй болговол хэдэн хүүхэд мөнгөгүй аав ээжээсээ болоод урьдчилан сэргийлэлт хийлгэж чадахгүй болох эмгэнэлтэй дүр зураг үүснэ. Гэхдээ манайд оруулж ирж байгаа, вакцинууд үнэгүй биш байхгүй юу. Засгийн газар бидний өмнөөс төлөөд, ДЭМБ ч юм уу олон улсын байгууллагуудын дэмжлэг тусламжтайгаар худалдан аваад иргэддээ үнэ төлбөргүй хийж байгаа юм.
-Папиллома вирусийн эсрэг вакцины гол цэг бол умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх. Тэгэхээр энэ зөвхөн охид эмэгтэйчүүдэд хамааралтай өвчин, вакцин гэсэн ойлголт байна. Хөвгүүдэд хийх гэж байгаа нь ямар учиртай билээ?
-Умайн хүзүүний хавдраас сэргийлэх вакцин гэж ярих нь буруу. Нийтлэг тохиолддог, хамгийн их бүртгэгддэг учраас тэгж хэлээд байгаа боловч энэ нь хүний папиллома вирусээс хамааралтай бүх төрлийн хорт хавдраас буюу “16, 18”-аар үүсдэг умайн хүзүү, ам залгиур, эрэгтэй бэлэг эрхтний хорт хавдруудаас бүгдээс нь сэргийлнэ гэсэн үг.
Тохиолдлын тооны хувьд өндөр байна гээд охид эмэгтэйчүүдээ вакцинд хамруулсан өндөр хөгжилтэй орнуудад эрэгтэйчүүдийн хавдрын тохиолдол өсөөд эхэлсэн учраас одоо эрэгтэй, эмэгтэй хоёуланд нь хамгаалах, вакцинжуулах бодлого барьж байна. Тиймээс манайх олон улсын судалгаанд тулгуурлан охид, хөвгүүддээ хийх юм. Хамгийн чухал нь папиллома вирусийн халдвар дамжих зам нь бэлгийн хавьтал учраас эрэгтэй, эмэгтэй хүйсийг ялгахгүй вакцинжуулах юм.
-Монгол Улс анх удаагаа 11 настай охид, хөвгүүдэд папиллома вирусийн вакцин хийхээр товлолт вакцины тоонд оруулаад, удахгүй хийж эхлэх гэж байна. Тэгвэл 11 наснаас дээш насны хүүхдүүд болон насанд хүрэгчид энэ вакциныг хийлгэх шаардлагатай юу. Вакцинд хамрагдахын тулд яах ёстой вэ?
-11 нас гэж заагаад товлолт вакцинд орсон учраас энэ хүүхдүүдэд улсаас үнэ төлбөргүй хийж өгнө. Гэхдээ судлаачийн хувьд хэлэхэд вирусийн халдварт өртөөгүй 12-оос дээш насны охид, хөвгүүдээ төдийгүй насанд хүрсэн бэлгийн харьцаанд орсон эрэгтэй эмэгтэй бүх хүн сайн дураараа хийлгэх зайлшгүй шаардлагатай вакцин. Яагаад гэхээр хүн бэлгийн харьцаанд орж байгаа л бол хэдэн ч насандаа энэ халдварт өртөх эрсдэлтэй. Вакцин хийлгэхийн тулд хүүхдүүдээ сайн дурын дархлаажуулалтын төв дээр аваачаад тодорхой төлбөр төлөөд хийлгэж болно. Насанд хүрэгчид бол вирусийн халдварт өртсөн үгүйгээ шинжилгээ өгч шалгуулаад өртөөгүй байвал вакцинд хамрагдах хэрэгтэй. Гэхдээ тунгийн ялгаа гарч байгаа. 11 настай хүүхдүүдэд нэг тун, 12, 13, 14 настайд 2 тун, 15 наснаас дээш хүмүүс 3 тун хийлгэх шаардлагатай.
-Вакцин хийлгэснээр үргүй болдог, унаж татдаг болгодог, саажилт үүсгэдэг, бүр сэтгэцэд нөлөөлдөг гэх таамгийг сошиалаар их явуулж байна. Вакцины дараа ямар нэгэн сөрөг нөлөө гарсан тоо баримт, судалгаа байдаг уу?
-Одоогоор дэлхийн 150 оронд энэ вакциныг хийгээд үр дүнд хүрчихсэн, олон судалгаа хийсэн байна. Энд вакцины дараах ямар нэг сөрөг урвал гарсан судалгаа байхгүй. Вакцин хийлгэснээр үргүй болдог, унаж татдаг болгодог, саажилт үүсгэдэг, сэтгэцэд нөлөөлдөг гэх мэт ямар ч үндэслэл авцалдаагүй зүйлүүд ярьж байна. Жирэмсэн үед ургийг тээж байх үед үүсдэг зүйл энэ вирусийн халдвараас сэргийлэх тухай ойлголттой ямар ч хамаагүй.
Энэ вакцины нэг өвөрмөц чанартай. Өвөрмөц гэдэг нь тэр вакцины найрлагад ямар өвчнөөс хамгаалах өгөгдөл байна тэрнээсээ л хамгаална. Папиллома вакцин хийлгэлээ гээд заг хүйтэн, тэмбүү гэх мэт бусад олон төрлийн бэлгийн замаар дамждаг халдваруудаас сэргийлж чадахгүй шүү дээ.
Тэгэхээр бэлгийн замбараагүй амьдралаас татгалзах, бэлгэвч хэрэглэх, хар тамхи, мансууруулах бодис, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх зэргийг анхаарах хэрэгтэй. Энэ вакцин зөвхөн папиллома вирусийн халдвар түүнээс улбаалсан янз бүрийн эрхтний хорт хавдраас л сэргийлнэ. Вакцин хийлгээд саажилт өгсөн гэх охин, ээжийн яриаг хүмүүс жишээ болгож яриад байдаг. Гэтэл тэр охин вакцин хийлгэсэн бүртгэл байхгүй юм билээ. Тэгэхээр ийм ард түмнийг айлгасан, буруу ташаа мэдээллээр турхирсан худал мэдээлэл тарааж болохгүй. Үнэн хэрэгтээ худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг юм.
Өнөөдөр хүүхдэдээ вакцин хийлгэснээр ирээдүйд учрах хүнд өвчнөөс урьдчилан сэргийлж байгаагаа ухамсарлаж, үүргээ биелүүлээрэй. Мэдлэг боловсролгүй, буруу мэдээллийн улмаас өөрийнх нь эрүүл мэндийг эрсдэлд учруулжээ гээд ирээдүйд хүүхдүүд чинь танд гомдох вий.
Тиймээс эцэг эхчүүд та бүхэн мэдээлэлд шүүлтүүртэй хандаарай. Мэргэжлийн хүмүүсээс мэдээлэл аваарай. Зөв шийдвэр гаргаарай гэж зөвлөмөөр байна. Энэ удаад 11 настай хүүхдүүд вакцинд хамрагдана. Харин түүнээс дээш насны хүүхдүүд эрсдэлтэй байгаа учраас тэд нартаа анхаараарай. Эцэг эхчүүд та бүхэн ч нас хамаарахгүй өөрсдийн эрүүл мэндээ анхаарч вакциндаа хамрагдаарай гэж судлаач эмчийн хувьд хэлье.
-Дөнгөж гаргасан судлагдаагүй вакциныг монголчуудад шахах гэж байна гэсэн мэдээллийг нэлээд түгээж байна. Гэтэл энэ вакцин 2009 оноос улс орнуудад хийгдэж эхэлсэн гэхээр өнөөдрийг хүртэл судалгаа шинжилгээ хангалттай гарсан байх?
-Германы эрдэмтэн Харальд Цур Хаузен папиллома вирус умайн хорт хавдрыг үүсгэж байна гэдгийг нээснээр 2008 онд Нобелийн шагнал авсан. Энэ вирусийг хавдар үүсгээд байгааг умайн хүзүүний хорт хавдар дээр баталж чадсан учраас эхэндээ дандаа умайн хүзүүний хавдар гэж яригдаж байсан. Би ч ялгаагүй умайн хүзүүний хавдрын судалгаа хийж байсан эрдэмтэн.
2009 онд ДЭМБ энэ вакциныг баталгаажуулсан. Гэхдээ энэ вакцин шинжлэх ухаан шингэсэн хамгийн аюулгүй вакцин үйлдвэрлэл учраас нэг тун нь 350 еврогоос 500 ам.долларын үнэтэй байсан. Тиймээс манайх шиг оронд энэ вакциныг хийлгэх нь мөрөөдөл байсан.
Харин 2012 онд Мянганы сорилтын сангийн төслийн мөнгөөр хэдэн хүүхдүүдээ хамгаалъя гээд хийж эхэлсэн ч бүх хүүхдээ бүрэн хамруулж чадаагүй. Энэ бол буруу ташаа мэдээллийн хор хөнөөл шүү дээ. Гэтэл 12 жилийн дараа өнөөдөр Африкийн хэдэн орон Монгол Улс л вакцинд хамруулж чадаагүй, өвчлөл, үхлээрээ тэргүүлээд байж байна. Гэтэл Азийн хөгжил буурай орнууд вакцинаа хийгээд үр дүнгээ харчихсан, хавдрын тохиолдлоо бууруулчихсан байна. Монголчууд мэдлэг чадвартай, оюуны өндөр потенциалтай хүмүүс хэр нь өнөөдөр сошиал орчны сөрөг мэдээлэлд хэт автаж үнэт зүйлээ харж чадахаа байжээ. Мэдлэг, мэдээлэлгүй байдал нь ирээдүй хойч үедээ хор хохирол учруулахуйц түвшинд хүрсэн байна гэдэг хамгийн эмгэнэлтэй.
11 болон түүнээс дээш өсвөр насны хүүхдүүд хэлний боловсрол, сошиал орчноос мэдээлэл авах мэдлэгээрээ эцэг эхчүүдээ дагуулахгүй. Тэд хүсвэл англиар бүх мэдээллээ олоод уншчихсан, сонсчихсон байхад эцэг эхчүүд нь зөвхөн фэйсбүүкийн хэрэгтэй хэрэггүй мэдээлэл дунд эргэлзэж сууна.
Тиймээс вакцины тухай зөв мэдээллийг хүүхдэдээ өгч, тэдний санаа бодлыг сонсож, ярилцаарай. Шийдвэрийг нь дагаарай. Хүүхдэдээ вакцин хийлгэх, үгүй нь таны шийдвэр ч бусад хүүхдийн эрхэнд халдаж, эцэг эхэд нь шинжлэх ухаанч бус мэдээлэл түгээж, буруу нөлөөлөл битгий үзүүлээрэй гэж хэлэх байна.
Х.МОНГОЛХАТАН