УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч 2025 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсантай холбоотой Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ хуулийг баталснаар Засгийн газар төсвөө дахин өргөн мэдүүлж, ирэх оны төсвийг батлах боломж бүрдэх юм.
Ерөнхийлөгч “2025 оны төсвийг алдагдалгүй болгох” чиглэл өгч, төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Хоригт нийцүүлэн Засгийн газрын боловсруулж мэдүүлсэн төсвөөс 1.9-2.4 их наяд хүртэл таналт хийхээр байна.
Тиймээс УИХ 2025 оны батлагдсан төсвийг хүчингүй болгож, дахин төсөв өргөн мэдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор энэ хуулийн төслийг хэлэлцэж байна. Засгийн газар хоригт нийцүүлэн ирэх оны төсвийг дахин төлөвлөж, УИХ-д өргөн мэдүүлэх юм.
Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн үндсэн зорилго нь нэгдүгээрт, Засгийн газрын үйл ажиллагааг аливаа доголдолгүй санхүүжүүлэх. Хоёрдугаарт, эдийн засгийн өсөлтөд төсвийн бодлогоор дэмжлэг үзүүлэх зорилготой. Төсөв нэгэнт танаж хассан тохиолдолд хууль, хөтөлбөр болон үйл ажиллагааны заалттай зүйлүүдийг яах вэ? гэдэг асуудал нээлттэй үлдэнэ. Тэр болгоныг шийдэж оруулж ирэх цаг хугацаа бидэнд байхгүй.
Тоог нь хараад арифметик утгаар хасаж, алдагдалгүй төсөв оруулж ирэхэд маш амархан. Үүнийг захын оюутан хийчихнэ.
Төсвийн нэг төгрөг болгоны цаана үйл ажиллагаа, арга хэмжээ, хөтөлбөр байдаг. Тэгэхээр төрийн гүйцэтгэх зарим чиг үүргийг хувийн хэвшлээр яаж гүйцэтгүүлэх, алийг нь хойшлуулах вэ гэх мэт маш олон асуудлыг эрэмбэлэн ангилах сорилтууд бий болсон.
Үйл ажиллагаа, хөтөлбөр, арга хэмжээ энэ бүхнийг орхихгүйгээр УИХ-д оруулах олон хувилбарууд дээр төсвийн ерөнхийлөн захирагч сайд нар ажиллаж байна. Энэ бүхний балансыг барьж оруулах дараагийн төсвийн том сорилт болж байна гэв.
УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авснаар чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв. Одоо Төсвийн байнгын хорооны хуралдана. Байнгын хорооны хуралдааны дараа үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэх юм.