ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.
Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эмч Г. Болортуяа “Манай амбулаториор үйлчлүүлж буй иргэдийн 80 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.
Үүний 60-70 хувь нь 0-5 насныхан байна. Зарим томуугийн онцлог шинжүүдээс шалтгаалан илрэх зовуурь өөр. Жишээлбэл халуурах, нусгайрах, хамар битүүрэх, толгой өвдөх, үе мөч шархирах, жихүүдэс хүрэх, ядарч сульдах зэрэг нийтлэг шинж илэрч байна. Харин томуугийн вирус нь А, B, C, D хүрээний хэв шинжтэй байдаг.
Хатгалгаа өвчний бүрэн эдгэрэх хугацаа нь 45-50 хоног байдаг.
ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн судалгаагаар томуугийн А хүрээний томуу H1N1, синциталь вирус, аденовирус, Н-томуу, коронавирус эргэлтэд байна гэж үзсэн. Томуу агаар дусал, хавьтлын замаар дамждаг. Халдвартай хүн 3-4 хоногт бусдад халдаах хамгийн оргил үе байдаг. Томуу төст вирус хүйтэн сэрүүн, хуурай газар үржих чадвартай байдаг. Томуугийн дэгдэлт нэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ.
Хүүхэд нь халуурсан ч шинж тэмдэг илрэхгүй байж болно. Мөн хатгалгаагаар эмнэлэгт хэвтсэн хүүхдүүд дахин өвдөөд хүрч ирж байна. Тухайн хүүхдийн биеийн онцлогоос шалтгаалан 5-10 хоног эмчлэгдээд гардаг. Гэтэл хатгалгаа өвчний бүрэн эдгэрэх хугацаа нь 45-50 хоног байдаг. Тэгэхээр тухайн хүүхдийн хатгалгааны цочмог үеийг л эмнэлэгт эмчилдэг гэсэн үг. Тиймээс гэрийн асаргаа маш чухал. Хамгийн түрүүнд хүүхдийн дахин халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй. Учир нь хүүхдийн дархлаа суларсан, дараагийн халдварт өртөхөд бэлэн байдаг.
Эцэг эхчүүд гэртээ очоод гараа угааж, ам хамраа содатай усаар зайлах шаардлагатай. Амны хаалт зүүлгэх хэрэгтэй. Хүүхэд өвдсөн үед шингэн зүйл уух дүргүй, хоолны дуршилгүй болчихдог. Тиймээс бага багаар шингэн уух зүйлийг шимүүлэх хэрэгтэй.
Мөн чихэрлэг зүйлсийг хориглох, эрт унтуулж амраах хэрэгтэй. Баяжуулсан витамин лаг хоол хийж өгөөрэй. Мэдээж, хүүхдээ дулаан байлгах, тохирсон дасгал хөдөлгөөн хийлгэх хэрэгтэй. Түүнчлэн амьсгал нь шуугьсан хүүхдийг эмнэлгээс гарахаар нь өвөө эмээ нар нь арц хүж асаагаад утаад байдаг. Ингэснээр буцаад амьсгал шуугьж, хүндрэх эрсдэлтэй” гэлээ.