Хүннү гүрэн мөхсөн нь

ХҮННҮ ГҮРЭН БУТРАВ

Хүлүгү шаньюйгийн дараа түүний хүү зүүн гули ван Хуяньди НТӨ 85 онд Хүннүгийн шаньюй болов. Эл үед Хань Улс олон жилийн дайн тулааны ялагдлаас шалтгаалан томоохон дайн байлдаан хийхээс зайлсхийж, Хүннүтэй найрсаг харилцаа тогтоохыг зорьж байв. Гэвч хүннүчүүд тэдэнд цэргийн дарамт шахалт байнга үзүүлж, “Энх ургийн гэрээ”-г дахин байгуулах зорилгоор өдөөн хатгалаг хийсээр байжээ.

Тиймээс тус улс Хүннүгийн эсрэг НТӨ 72 онд Усуньтай хамтран таван замын 200 мянган цэргийн хүчээр Хүннүг довтолж, Хүннүгийн баруун гули вангийн 59 мянган хүн, 70 мянга гаруй малыг олзолсон байна.

Тус дайнаар хүчирхэг холбоотонтой болсон Хань Улс гадаад бодлогоо өөрчилж эзлэн түрэмгийлэх дайны бодлогод шилжсэн бөгөөд Усунь нараас гадна Динлин, Ухуань нар хүчээ өгөх болжээ. Улмаар Хүннү гүрэн рүү хойд талаас Динлин, зүүнээс Ухуань, баруунаас Усунь, урдаас Хань Улс довтолж ихээхэн хэмжээний хохирол учруулсан байна.

Мөн Хүннүгийн нутагт эл дайны он жилүүдэд дараалан ган, зуд тохиолдсоноос мал сүрэг ихээр хорогдож, үр тариа ургаагүйгээс шалтгаалан хүн амын тал хэсэг нь үхэж үрэгджээ.

Хуяньди болон Сүлююаньчю шаньюйн үед буюу НТӨ 68-60 оны хооронд Хүннүгийн язгууртнуудын бие даасан байдал нь бэхжиж, шаньюйн засаглал суларчээ. Улмаар Хүннүгийн зүүн, баруун гарын язгууртнууд шаньюйн угсаа залгамжлах асуудалд оролцох болж НТӨ 59 оноос өөр хоорондоо шаньюйн суудлын төлөө тэмцэлдэж эхэлсэн байна. Энэ үед Хүннүд нэгэн зэрэг таван шаньюй хаан суусан ба эл тэмцэлд ах дүү шаньюй болох Чжичжи болон Хуханье нарын ялалтаар өндөрлөжээ. Ийнхүү Хүннү гүрнийг НТӨ 50-иад оноос ах дүү хоёр шаньюй хуваан захирах болов. Тэд НТӨ 54 онд Хангайн нуруунд тулалдаж ах шаньюй Чжичжи өөрийн дүү Хуханьег ялсан байна. Ийн бие биедээ дайсагнан хоёр өөр хэсэгт хуваагдан өөр хоорондоо байлдсан нь Хүннү гүрнийг сулран доройтуулах үндэс болжээ.

ХҮННҮ ГҮРЭН ХАНЬ УЛСЫН ХАРААТ БОЛСОН НЬ

Өөрийн ахдаа ялагдсан Хуханье шаньюй эдийн засгаа сэргээж, хүчээ нөөцлөх зорилгоор албат нараа дагуулан урагш нүүж өнөөгийн Өвөр Монголын нутагт төвлөрөн Хань Улсыг түших болов. Хятадын түүхэнд Чжичжиг Умард Хүннүгийн шаньюй, Хуханьег Өмнөд Хүннүгийн шаньюй хэмээн тэмдэглэжээ. Хуханье шаньюй хүч чадлаа сэргээх, Хань Улсын хүчийг ашиглан ахыгаа дарж Хүннү гүрнийг дахин нэгтгэхийн тулд НТӨ 130-аад оноос тасраад байсан “Энх ургийн гэрээ”-г Хань Улстай байгуулжээ. Уг “Энх ургийн гэрээ” нь Маодун шаньюй үед байгуулагдаж байсантай харьцуулахад хамаагүй буулт хийсэн шинжтэй байв.

Тодруулбал, Хүннүгийн шаньюй өөрийн хүүгээ Хань Улсад барьцаанд илгээж байх, шаньюй өөрийн биеэр Хань Улсын хааны ордонд очиж хүндэтгэл үзүүлэх, Хүннү нь Хань Улсаас хараат гэдгээ илэрхийлж бэлгэдлийн шинжтэй татвар төлөх, шаардлагатай үед Хань Улсын умард хилийг хамгаалах зэрэг заалтыг тусган байгуулсан байв.

Уг гэрээгээр Хань Улс түүхэндээ анх удаа Хүннүтэй харилцах харилцаандаа давуу байдлыг олж авсан юм. Өнөөгийн Монгол Улсын баруун нутагт сууж байсан Чжичжи шаньюй Хань Улстай найрамдалт харилцаа тогтоохыг оролдсон ч чадаагүй байна. Иймд тэрээр Хань Улсаас дэмжлэг хүлээсэн Хуханье шаньюйгаас болгоомжлон орд өргөөгөө Орхоны хөндийгөөс Алтайн цаад Бие Тарвагатайд шилжүүлэн суужээ. Ийн шилжин суухдаа баруун гарт өөрийгөө шаньюй хэмээн өргөмжилсөн Ильмүг цохиж 50 мянга орчим цэргийг нь захиргаандаа авчээ.

Мөн Усунь, Динлин нарыг довтлон захиргаандаа оруулсан байна. Ийнхүү Чжичжи шаньюй Талас голын хөндийд хэрэм бэхлэлт бүхий хот байгуулан баруун бүс нутагт бэхжих болов. Тиймээс Хань Улс Чжичжин сэргэлтээс сэргийлж НТӨ 36 онд Талас голын хөндийд хүрч түүнийг бүслэн байлдаж ялжээ.

Энэхүү тулаанаар Хуханье шаньюй Хятадын нутгаас Монголын Дорнод хэсэгт буцаж ирэх боломж бүрдэж, улмаар НТ 47 онд эх нутагтаа иржээ. Улмаар Чжичжи шаньюй өнөөгийн Монгол Улсын баруун болон умард хэсгийг, харин дүү Хуханье үндсэн хэсгийг эзэмших болов. Хэдийгээр ах дүү хоёр арав гаруй жил найрсаг харилцаатай байсан ч энэ нь түр зуур дүр эсгэсэн хэрэг байсан бөгөөд НТӨ 36 онд тэд дахин их цэргээр байлдан Чжичжи ялагдал хүлээснээр Хүннү гүрэн Хуханье шаньюйн захиргаанд дахин нэгдсэн байна. Хуханье шаньюй НТӨ 31 онд нас барахад, хүү Фүжүлэ (НТӨ 31-20) залгамжлав. Фүжүлэ шаньюйн дараа түүний 5 дүү болох Сусе (НТӨ 20-12), Чэя (НТӨ 12-8), Үжүлю (НТӨ 8-НТ 13), Үлэй (НТ13-18), Хүдэрши (НТ18-46) тус тус шаньюй суужээ.

ТӨР УЛСЫН ЭЗЭН БАЙХААР ЗАЯАГДСАН ХҮН

НТӨ 8 онд Наньжияс Хүннүгийн хаан ширээнд Үжүлю цолтойгоор шаньюй болсон байна. Тэрээр Хань Улстай найрсаг харилцаатай байх бодлогыг баримталж, хүү Үтиясыгаа Хань Улсын хааны дэргэд алба хашуулахаар явуулсан ч түүний хүү нэг жилийн дараа үл мэдэгдэх шалтгаанаар өөд болжээ. Мөн Хань Улсын холбоотон Усунь нар Хүннүгийн эзэмшил нутаг руу цөмөрч, ихээхэн хэмжээний үймээн дэгдээсэн байна. Үүний хариуд Үжүлю шаньюй хөрш улсын найрамдалт байдлаас хандсан боловч Усунь нар түүнийг үл тоон дахин довтолжээ. Уг хоёр дахь удаагийн тулаанд Усунь нар нь амархан ялагдсан байна. Дээрх үйл явдал нь Үжүлю шаньюйг ямар их сэтгэлийн хаттай хийгээд чадварлаг жанжин гэдгийг баталсан байна.

Эл үйл явдлаас төд удалгүй Хань Улсын Ай-ди хаан Усунь нарыг бут цохисон Үжүлю шаньюйг үл тоон эзэмшил газраас нь таслан авахыг санаархаж, элч илгээн ой мод бүхий, цэрэг дайнд ихээхэн ач холбогдолтой газар нутаг өгөхийг шаардсан байна.

Уг захидлын хариу болгож Үжүлю шаньюй “Танай элч эрх хэмжээгээ хэтрүүлж, зүй бус шаардлага тавьсан байна. Зүй нь түүнийг цаазлах ёстой ч өршөөж алс газар цөлж шийтгэв” хэмээн захидал илгээсэн нь Үжүлю шаньюй Хүннү гүрнийг Хань Улстай адил тэнцүү улс хэмээн үзэж байсантай холбоотой байв. Мөн НТӨ 2 онд Үжүлю шаньюй Хань Улсын нийслэлд зочлох үед Шанлиньюань хэмээх усан үзмийн цэцэрлэгтээ хүлээн авч урьдын шаньюй нартай харьцуулахад хамаагүй их бэлэг сэлт өгжээ.

Үжүлю шаньюйн үед Хүннү нь Хань Улстай найрамдалт харилцаатай байж, дотоод байдал нь тогтворжиж, улмаар Хань Улстай эн тэнцүү харилцах хэмжээнд хүрчээ. Гэвч Хуханье шаньюйн үед Хань Улстай байгуулсан “Энх ургийн гэрээ” хоёр улсын харилцаанд үйлчилсэн хэвээр байв.

НТӨ I зууны сүүлээр Хань Улсын төрийн хэргийг түшмэл Ван Ман гэгч мэдэх болжээ. Тэрээр Хань Улсаас Хүннүгийн талаар явуулж байсан зөөлөн бодлогыг өөрчилсөн байна. Тухайлбал, Турфан зэрэг Хүннүгийн эрхшээл дэх баруун газар орныг Хань Улсын харьяат гэж зарлах, Ухуань нарыг Хүннүд алба барихгүй байхыг ятгах, Хүннүгийн шаньюйгийн нэрийг ганц үет хятад нэр болгон засах зэрэг үйл ажиллагаа явуулсан бөгөөд Үжүлю шаньюй Ухуань-аас бусад бүх шаардлагад буулт хийжээ. Ван Ман Хүннүг дотроос нь хагалах зорилгоор Үжүлю шаньюйг алгасан хаан угсааны 15 хүнийг урьж тус бүрд нь шаньюйд өргөмжлөх оролдлого хийв. Үүний үр дүнд Үжүлю шаньюй НТ 13 онд Хань Улс руу цэрэг хөдөлгөн довтолжээ. Үүгээр НТӨ 53 оноос хэрэгжсэн “Энх ургийн гэрээ” тасарсан байна. Ван Ман нь өөрийн цэргийн жанждын үгийг үл тоон Үжүлю шаньюйг Шивэр ойт хэмээх газар луу шахах нь зүйтэй хэмээн 300 мянган цэргийн хүчээр Хүннүг довтлох бэлтгэлийг хангаж эхэлсэн боловч Хятадад түүний эсрэг бослого гарч, тэрээр алагджээ.

Мөн эл үед тэртээх наяад жилийн өмнөөс гундан уруудаж, тавиад жилийн тэртээ баруун, зүүн болсон Хүннү гүрний хаан ширээнд суусан Үжүллю хаан НТ 13 онд өөд болсон байна.

Хожуу Хань Улс Хүннүд элч илгээн “Энх ургийн гэрээ”-г сэргээх санал тавихад Хүдэрши шаньюй өөрийн хүч чадлыг Модуньтай зүйрлэжээ. Үүнээс үзвэл, Хүдэрши шаньюй НТӨ 198 оны гэрээг сэргээхийг эрмэлзэж байсан бололтой. Сэргэж хүчирхэгжсэн Хүдэрши шаньюй Хань Улсыг довтлох явдлаа эрчимжүүлэн тус улстай харилцах харилцаанд давуу байр суурь олохыг зорьжээ. Хань Улс Хүннүгийн довтолгоог зогсоож хүчрэлгүй хүн ард нь урагш дүрвэх болсноор тус улсын хойд хилийн тойргууд эзгүйрчээ. Иймд хүннүчүүд Цагаан хэрмийн дотор шилжин суух болсон байна. Ийнхүү НТ 10-аад оноос Хүннү гүрэн газар нутгаа тэлэн, говийн өмнөх нутгаа буцаан авч Сяньби, Ухуань болон баруун газар оронд нөлөөгөө бэхжүүлснээр Маодун, Лаошан шаньюйн үеийн хэмжээнд дахин хүчирхэгжжээ.

ХҮННҮ ГҮРЭН МӨХСӨН НЬ

Үжүлю шаньюй дараа Үлэй (НТ13-18), Хүдэрши (НТ18-46), Уда (хэдэн сар), Пүнү ( НТ 46-48) залгамжлав. Хүдэрши шаньюйн хүү Уда нь шаньюй болсноор Хүннүд хаан ширээний төлөөх тэмцэл дахин эхэлжээ. Учир нь НТӨ 31 оноос НТ 46 он хүртэл Хуханье шаньюйн хөвгүүд ахаас дүүд зарчмаар шаньюй суух, ёс тогтоод байв. Уг ёс зөрчсөнийг эсэргүүцэгчид болох Хүннүгийн найман аймгийн ахлагчид НТ 48 онд хуралдан Үжүлю шаньюйн хүү Би-г Хуханье шаньюйд өргөмжилжээ. Түүхчид түүнийг өмнөх Хуханье шаньюйгаас ялгахын тулд II Хуханье шаньюй хэмээдэг. Ийнхүү НТ 48 онд Хүннү гүрэн Пүнү захирсан Умард Хүннү, Би шаньюйн захирсан Өмнөд Хүннү болон дахин хуваагджээ.

НТ 49-50 оны үед Өмнөд Хүннү нар Хожуу Хань (НТӨ 206-9 он хүртэл тогтсон Хань Улсыг “Түрүү”, НТ 23-220 онд тогтсон Хань Улсыг “Хожуу” хэмээн ялгадаг) Улсыг дагаж түүний хойд хилийг Умард Хүннүгээс хамгаалах болсон байна. Энэ нөхцөлд Умард шаньюй 51, 52, 53 онд Хань Улсад элч илгээн “Энх ургийн гэрээ” байгуулахыг оролджээ.

Хань Улс Шаньюйн саналыг хүлээж аваагүй учир Умард Хүннүгийн цэрэг НТ 62 оноос Хожуу Хань Улсын хилийг довтлон дарамт шахалт үзүүлэх болов. Үүний дүнд Хань Улстай хилийн худалдаа хийхийг зөвшөөрүүлж чаджээ. Гэвч НТ 83 онд Умард Хүннүгийн Жилюси гэгч ахлагч 38 мянган хүнээ дагуулан Хожуу Хань Улсад дагаар орсон үеэс Умард Хүннүгийн язгууртнууд дунд эрх мэдлийн төлөөх тэмцэл гарч НТ 85 онд Умард Хүннүгийн 73 аймаг Хятадад дагаар орсон байна. Ийнхүү НТ 83 оноос Умард Хүннүгийн дотоод байдал нэн тогтворгүй болж Сяньби, Динлин болон баруун бүс нутгийн орнуудыг довтолгох ихэссэн байна. Улмаар НТ 87 онд Сяньби нар Умард Хүннү рүү довтолж Юлю шаньюйг хэрцгийгээр хөнөөжээ. Эл үйл явдлаас төд удалгүй НТ 89 онд Өмнөд Хүннүгийн захирагч Түньтүхэ Хятадын эрх баригчидтай хуйвалдан Умард Хүннүг хүч хавсран цохиж бүрмөсөн устгахаар тохиролцжээ.

Өмнөд Хүннүгийн 30 мянган морьт цэрэг, Хятадын 8 мянган морьт цэрэг Умард Хүннүгийн нутгийн гүнд дайран орж, Хангайн нуруунд Умард Хүннүгийн цэрэгт хүнд цохилт өгч 200-гаад мянган хүн олзолж буцсан байна.

Дараа жил нь Өмнөд шаньюй Шиги 8 мянган хүннү, цөөн тооны хятад цэрэгтэй Умард Хүннүгийн нутагт цөмрөн орж, шинэ тавигдсан нэрийг үл мэдэх шаньюйн өргөө ордыг бүслэн цохижээ. Умард шаньюй нэг мянган цэрэгтэйгээр дайсны эсрэг эрэлхэг тэмцэж байгаад хүнд шархдан мориноосоо унажээ. Гэвч үнэнч нөхөд баатрууд нь түүнийг шүүрэн авч эмээл дээр нь тавиад бүслэлтийг зад татан гарч, шаньюйгаа авч зугтан оджээ. Уг дайнд Умард шаньюй төрийн хаш тамга, гэр бүлээ дайсанд алдаж үнэхээр хүнд хохирол үзсэн байна. НТ 91 онд Умардын шаньюй Хятадын цэрэгт цохигдоод зугтан алга болов. Түүний дараах Умард Хүннүгийн шаньюй Юйчжүгянь Хятадтай найрамдаж гэрээ байгуулахыг хүссэнд Хятад зөвшөөрсөн дүр үзүүлж байгаад НТ 93 онд түүнийг мэхлэн барьж алснаар Хүннү мөхсөн билээ. Юйчжүгянь шаньюй бол Маодун шаньюйн овгоос гарсан Умард Хүннүгийн сүүлчийн шаньюй байсан бөгөөд түүнтэй хамт Ар Монгол дахь Умард Хүннү Улс хамт мөхсөн байна.

Хүннү гүрэн НТ 93 онд мөхсөн үү? Энэ үйл явдлаас хойш хятадын түүхэнд Умард Хүннүгийн талаар төдий л тэмдэглэдэггүй бөгөөд зөвхөн Өмнөд Хүннүд болсон үйл явдлыг голлон дурдах болжээ. Энэ байдлыг харгалзан түүхчид Хүннү гүрнийг НТ 93 онд мөхсөн хэмээн түүх бичлэгтээ бичиж, тэмдэглэж ирсэн.

Гэвч НТ 104, 106 онд Умард Хүннүгийн шаньюй Хожуу Хань Улсад элч илгээн “Энх ургийн гэрээ” дахин байгуулах хүсэлт тавьж байсан, мөн НТ 140-150 онд холбогдох “Хожуу Хань улсын судар”-т тэмдэглэгдсэн Таньшихуайн намтарт түүний эцэг нь Толухоун Хүннүгийн цэрэгт гурван жил алба хаагаад ирсэн гэх зэрэг сурвалжийн мэдээ баримтаас үзвэл, Хүннү гүрэн НТ 93 онд мөхөлгүй, НТ II зуун хүртэл оршин тогтсоор байсан байх магадлалтай.

О.ДАШНЯМ

Эх сурвалж: “Соёмбо” сонин

Related Posts

}

Шинэ мэдээ