Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Эрчим хүчний яам хамтран Монгол Улсад Эрх тэгш, хүртээмжтэй, ногоон эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр нэг жилийн хугацаанд хэрэгжих Хамтарсан хөтөлбөрийг эхлүүллээ.
Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ын Хамтарсан сангийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр тэргүүлэн НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөр нь тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн үндэсний төлөвлөлт, санхүүжилтийн үйл явцын харилцан уялдааг сайжруулах зорилготой.
Тус хөтөлбөрийг НҮБ-ын Суурин зохицуулагч болон Эрчим хүчний яам хамтран даргалах Удирдах хороо удирдлагаар хангана. Удирдах хороо нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан, Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам болон Азийн хөгжлийн банк, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Монголын Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг байгууллагуудын төлөөллүүдээс бүрдэнэ.
Энэхүү хөтөлбөр нь үндэсний болон олон улсын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудтай уялдуулан Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээг тогтоох, энэхүү шилжилтийг дэмжих уур амьсгалын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, нийт хүн ам, нэн ялангуяа эмзэг бүлгийн хүн амын аюулгүй, эрүүл амьдрах орчныг хангах үүднээс эрүүл мэнд, боловсролын салбарын тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн замын зураглалыг боловсруулах гэсэн гурван үндсэн үр дүнд хүрэх зорилго тавьж байна.
Эрчим хүчний яамны Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Энхтүвшин “Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь манай улсын эрчим хүчний шилжилтэд чухал дэмжлэг болно. Бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг өдөөж, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн шинэлэг шийдлүүдийг хөгжүүлэхийн төлөө түнш байгууллагуудтайгаа хамтран ажиллана” хэмээн тэмдэглэв.
Удирдах хороо нь жилд хоёроос доошгүй удаа хуралдаж, тус хөтөлбөрийн явц, ахиц дэвшилд хяналт тавьж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр стратегийн шийдвэр гаргаж ажиллах бөгөөд Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд байгуулагдах Мэргэжлийн баг нь сар бүр хуралдан тус хөтөлбөрийн төлөвлөгөөний биелэлтэд байнгын хяналт тавьж, удирдан чиглүүлж ажиллана.
Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра“Энэхүү Хамтарсан хөтөлбөр нь Монгол Улсын Эрчим хүчний тогтвортой, хүртээмжтэй ирээдүйг бүтээх чухал алхам болж байна. Бид хүчин чармайлтаа нэгтгэн үндэсний хөгжлийн тэргүүлэх зорилтуудтай уялдуулж, олон улсын дэмжлэгийг авах замаар Монгол хүн бүр ашиг тусыг нь хүртэх, эрсдлийг сөрөн тэсвэрлэх чадвартай, тэгш, хүртээмжтэй эрчим хүчний тогтолцоог бий болгохыг эрмэлзэж байна” хэмээн онцлов.
Түүнчлэн “Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт нь Монгол Улсын хувьд байгаль орчны стратеги болох төдийгүй хүний хөгжилд чухал нөлөөтэй. Энэ нь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг шийдвэрлэхийн зэрэгцээ өсөлт хөгжлийг дэмжиж, эрсдлийг сөрөн тэсвэрлэх чадвар, эрх тэгш байдлыг хангах шинэ боломжуудыг нээх болно. НҮБ-ын Суурин зохицуулагчийн манлайлал дор НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэхүү том ажлыг тэргүүлэн хэрэгжүүлж байгаадаа бид баяртай байна” хэмээн Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска тэмдэглэв.
Нээлтийн арга хэмжээ болон Удирдах хорооны хуралд ТХЗ-ын Хамтарсан сангийн хандивлагчдын төлөөлөл болох Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойко, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл Ханаа Габриэль болон Монгол Улс дахь Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Төслийн менежер Г.Пүрэвтогтох нар оролцлоо.