Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.23) Сангийн сайд Б.Жавхлан Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Уг хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах болон хууль хүчин төгөлдөр болох хугацааг тусгажээ.
Монгол Улс нь 2000 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч, Улсын Их Хурал соёрхон баталснаар тус банкны 61 дэх гишүүнээр элсэн орсон. Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.