Манай улсад менингококкт халдварын томоохон дэгдэлт сүүлийн 10 жилд буюу 2004-2006 онд 70-80 хүн өвчилж, 6-8 нас баралт бүртгэгдсэн.
2007 онд 167 тохиолдол, 10 нас баралт бүртгэгдэж байв.
Улмаар 2008-2009 онд 2-14 насны хүүхдийг вакцинжуулснаар 2010 оноос өвчлөл огцом буурч жилд 20-40 тохиолдол бүртгэгдэж байв. Энэ жилийн тухайд 10 жилийн давтамжийн дэгдэлтийн үе юм.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр /2025.02.03/ ДЭМБ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскалантегийн хамт ХӨСҮТ-д ажиллаж халдварт өвчний нөхцөл байдал, менингококкт халдварын бэлэн байдал, вакцинжуулалт, халдвар үүсгэгчийн дэд хүрээ тодорхойлох оношлуур зэрэг асуудлаар мэдээлэл солилцож зөвлөмж өглөө.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, Менингококкт халдвар нь вирусээр үүсгэгддэггүй ч дэгдэлтийн хүрээнээс хамаарч хяналтыг өндөр байлгах өвчлөлүүдийн нэг. Монгол Улсад бүртгэгдсэн менингококкт халдвар үүсгэгчийн дэд хүрээ тодорхойлох оношлуурын асуудалд Бүсийн оффистоо хүргүүлэн, Эрүүл мэндийн яамтай хамтарч ажиллах болно.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Менингококкт халдварын вакцин нь товлолт бус тархвар зүйн вакцин буюу халдвар гарсан үед хийгддэг вакцин юм. Тиймээс вакцины хадгалалт хугацаа хэтрэлтээс хамааран байнгын нөөцгүй бөгөөд ирэх 7 хоногт ирэх 2000 тун вакциныг хавьтлууд болон эрсдэлтэй хүрээллийнхэнд хийнэ гэлээ.