2021-2024 онд БНХАУ-ын коксжих нүүрсний нийт импортын 15 орчим хувийг АНУ бүрдүүлжээ.
БНХАУ АНУ-ын нүүрсний импортод 15 хувийн тариф ногдуулсан нь Монгол, ОХУ зэрэг бусад нийлүүлэгчдийн нүүрсний эрэлтийг өсгөнө гэж шинжээчид үзэж байна.
АНУ-ын зүгээс бараа бүтээгдэхүүнд нь ногдуулсан 10 хувийн тарифын хариу арга хэмжээ болгож БНХАУ тус улсын газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг эрчим хүчний бүтээгдэхүүнд 10-15 хувийн тариф ногдуулахаа зарлаад байгаа юм. “Гэхдээ АНУ-аас худалдан авдаг БНХАУ-ын нүүрсний хэмжээ бага тул тарифын хариу цохилтын нөлөө хумигдмал байна” гэж “Morgan Stanley”-ийн Сара Чан тэргүүтэй шинжээчид онцолжээ.
АНУ БНХАУ-д гангийн үйлдвэрлэлд ашиглагдах коксжих нүүрс голлон нийлүүлдэг бөгөөд жил бүр 2-3 сая тонн нүүрс нийлүүлэх урт хугацааны гэрээтэй байдаг аж. 2021-2024 оны хооронд БНХАУ-ын коксжих нүүрсний нийт импортын 15 орчим хувийг АНУ бүрдүүлсэн байна. Харьцуулбал Монгол Улс 2024 онд БНХАУ-ын коксжих нүүрсний нийт импортын 60 хувийг дангаараа хангажээ.
Хэдий тийм боловч өнгөрсөн онд АНУ-аас импортолсон коксжих нүүрсний биет хэмжээ нь 81 хувиар буюу эрс өсөж, 10.7 сая тонн хүрснийг БНХАУ-ын гаалийн статистик харуулж байна.