Ардчилсан намын шинэчлэлийн ажлын хүрээнд хийгдэж буй Дотоод сонгуулийн санал
хураалт дөрөвдүгээр сарын 2-ны өдөр орон даяар явагдаж дууслаа. Ингэснээр АН-ын
Үндэсний бодлогын хороонд нийт гишүүдээс дэмжлэг авсан хүн ажиллах боломжтой
болж байна.
Хөрөнгөтэй, эрх мэдэлтэй олон хүн нэр
дэвшсэн явдал нь АН-ыг мөнгө босгох ажил зохион байгуулж байна гэж буруутгах
үндэслэл байсан ч үүнийг АН-ын шинэчлэл гэж тайлбарлах хүмүүс ч байлаа.
Тэгвэл Дотоод сонгуулийн явцад нэг
онцолмоор зүйл ажиглагдсан юм. Энэ нь АН үнэхээр дотоод ардчиллыг хүсэх болсон
уу гэдэг асуудал. Сүүлийн үед оффшорыг тойрсон асуудал олон нийтийн анхаарлын
төвд орчихоод байгаа. Тэгвэл АН дотоод сонгуульдаа оффшортой хүнийг нэр
дэвшүүлэхээргүй байхаар шийджээ.
Тодруулбал, АН-ын үндэсний бодлогын
хорооны гишүүний чөлөөт суудалд нэр дэвшигчийн жагсаалтын 25 дугаар тойрогт нэр
дэвшиж буй С.Баярцогтын бүртгэлийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр
АН дотооддоо ардчиллыг хүсэж эхэллээ гэж харагдаад байгаа юм. Дан С.Баярцогтыг
нэр дэвшүүлэхгүй байгаа даа бус. Харин дотоод сонгуулиар нэр цэвэр, өмнө нь улс
төрийн аливаа асуудалд холбогдож байгаагүй хүнийг дэвшүүлж байгаа нь энэ намын
шинэчлэл зөв замаар явж байна гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Одоо нийт
гишүүдийнхээ дэмжлэгийг авсан хүмүүс хэрхэн ажиллаж, сонгуульд ялагдаж, шарх
авсан намаа хэрхэн босгож ирэх вэ гэдэг асуулт л АН-ыг шинэчлэгдэж чадах уу
үгүй юу гэдгийг нотлох биз.