Гадаад харилцааны яамнаас сар бүр хийдэг \”Мэдээллийн цаг” уулзалт өнөөдөр тус яамны хурлын танхимд боллоо.
Энэ үеэр Консулын газрын захирал Я.Ариунболд \”Өнөөдрийн байдлаар дэлхийн 75 улсад Монгол Улсын 144500 иргэн ажиллаж амьдарч байна. Одоогийн байдлаар тэдгээр иргэдийн тоог нарийвчлан гаргахаар холбогдох яамдтай хамтран ажиллаж байна. Учир нь хилийн чанадад байгаа манай улсын иргэд ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх юм.
Иргэдийн зүгээс ГХЯ-нд хандаж давхар харьяаллын асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа гаргаж байгаатай холбогдуулж энэхүү асуудал дээр шийдвэр гаргахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, монгол эцэг эхээс төрсөн бол хилийн чанадад төрснөөс үл хамаарч \”Монгол Улсын харьяат мөн” хэмээн бүртгэдэг болох юм.
Өдгөө Монгол Улсын 2838 иргэн визгүйгээр БНСУ руу зорчих эрхээ хангасан байдаг. Гэтэл тус улс визний асуудал дээр шинэ зохицуулалт хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой эдгээр иргэдийн эрх ашиг хөндөгдсөн. Иймээс олон удаагийн визийг хүндрэл чирэгдэлгүйгээр олгох буюу элдэв шаардлага тавилгүй паспорт дээрх тамгыг нь харгалзан 5 жилийн олон удаагийн виз олгож байхаар хоёр тал тохиролцлоо. Өнөөдөр манай улсын хамгийн олон иргэд оршин сууж буй улс нь БНСУ юм. Сая Хойд Солонгос цөмийн зэвсэг турших оролдлого хийгээд бүтээгүй. Тиймээс өөрийн орны иргэдийн нөхцөл байдалд онцгой анхаарч байгаа. ЭСЯ болон Консулын газартай утсаар холбогдож болох ба Consul.mn хаягаар иргэд холбоо барьж болно. Одоогоор БНСУ онц байдал зарлаагүй. Манай улсын ЭСЯ, Пусан дахь Консулын газар хэвийн ажиллаж байгааг хэлье.
Түүнчлэн Чех Улсад ажиллаж амьдарч буй иргэд нийгмийн даатгал төлдөг болох асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” хэмээн мэдээллээ.
Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дарга Х.Мандахцэцэг гадаад байгаа хүүхдүүдийн боловсролын асуудлын тухайд мэдээлэхдээ, \”Нийт 20 мянга орчим хүүхэд хилийн чанадад асран хамгаалагчийн хамт амьдардаг. Гэхдээ тухайн улсад хичээллэж байгаа сургуулиудад хоёр өөр насны хүүхэд нэг ангид суралцдаг онцлог бий. Эдгээр хүүхдүүдийн сургалтад ЕБС-ийн одоогийн ашиглаж буй сурах бичгийг ашиглахад хүнд талдаа байдаг. Сургах арга техникийн тал дээр ч зөрүү гардаг. Энэ байдлыг монгол хэлний багш нар ойлгоод хүүхдүүдээ сургаад явж байна. Тиймээс монгол хүүхдүүдээ эх хэлээ сурах бололцоог нь олгох үүднээс онлайн сургалтыг эхлүүлэх гэж байна. Энэхүү сургалт нь удахгүй олон нийтэд нийттэй болно\” гэсэн юм.