Ардчилсан Намаас “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж байна.
АН-ын дарга О.Цогтгэрэл:
-Аливаа асуудлыг хэвлэлээр шуугиад өнгөрөх нь үр дүнтэй биш. Тиймээс УИХ энэ асуудлыг татан авч, нээлттэй сонсголыг яаралтай зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Үүний үр дүнг баримт нотолгоотой олон нийтэд танилцуулах ёстой. Энэ мафийн нэг хэсэг болсон ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр яаралтай ажлаа өгч, шалгуулах ёстой. Яг одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг мөрдөн шалгах ёстой. Цагдаа, тагнуулынбайгууллагыг удирдаж байгаа ХЗДХ-ийн сайд, дэд сайд нар нь энэ хэргийн оролцогчид. Нэн даруй ажлаасаа чөлөөлөгдөж хууль хяналтын байгууллагаар шалгуулж, үнэн зөвөө тогтоолгох ёстой. Энэ бол зүй ёсны шаардлага. Үүнийг УИХ-ын толгой дээр сууж байгаа, эрх баригч намын дарга санаачлан хийх нь зүйтэй. Ардчилсан намын бүлэг зарчмын байр сууриндаа хатуу зогсоно. Асуудал энэ чигээрээ үргэлжилбэл чөлөөлөх биш огцруулах үндэслэл рүү шаардлагаа үргэлжлүүлнэ.
УИХ-ын чуулган хоёр дахь долоо хоногтоо хуралдахгүй байна. АН 42 гишүүнтэй. МАН болоод тэдний хамтралд байгаа намуудын гишүүдийн тоо 80 буюу чуулган хуралдах бүрэн боломжтой. 80 гишүүнтэй МАН-ын хамтрал чуулганы хуралдаандаа оролцохгүй, ирц хүрэхгүй байна гэдэг нь “МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын индрээс буу” гэсэн АН-ын шаардлагыг зөв зүйтэй гэж УИХ-ын олонх үзэж байна гэсэн үг. МАН бидний шаардлагыг биелүүлэх ёстой. Бид Н.Учралыг өөрөө сайн дураараа ажлаас чөлөөлөгд гэсэн шаардлагыг тавьж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
–Миний зүгээс болон АН-ын гишүүдийн зүгээс УИХ-ын хянан шалгах нээлттэй сонсголыг хийх нь зүйтэй гэдэг санал санаачилгыг гаргаж байна. Хоёр өдрийн өмнөөс эхлээд бид гарын үсэг цуглуулсан. АН-ын гишүүд бид ажлаа ямар нэгэн тасалдалгүй хийж байгаа. Хэдийгээр чуулган, байнгын хорооны хуралдаанд суухгүй байгаа боловч энэ нь улс төрийн шалтгаантай гэдгийг ярьсан.
Сэтгэл сэртхийлгэм тоо баримтуудыг төрийн өндөр албан тушаал хашиж байсан нөхдүүд ээлж дараалан ярих боллоо. Үүнд ард түмэн итгэл алдарч байна. Сүүлийн 10 жил МАН дангаараа засагласан нь ямар үр дүнд хүргэснийг бүгд мэдэж байгаа гэв.











































































