Гадаадад зорчих виз хүссэн иргэдэд визний материалыг нь үндэслэн цагдаагийн тодорхойлолт олгодог. Уг тодорхойлолтыг саяхныг хүртэл ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангаас өгч байсан билээ.
Тэгвэл цагдаагийн тодорхойлолтыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбарт олгож эхэллээ. Ингэснээр виз мэдүүлсэн иргэд цагдаагийн тодорхойлолтыг Лавлагааны сангаас гадна ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав худалдааны төв болон Драгон салбараас авах боломж бүрдэж байна.
Энэ тухай Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Лут-Өлзий \”Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулах, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор цагдаагийн тодорхойлолтыг дөрвөн газраар олгодог боллоо. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбараас нийслэлийн баруун хэсэгт оршин суудаг иргэд болон Сонгинохайрхан авто вокзалаар үйлчлүүлдэг аймгуудын иргэд үйлчилгээ авах боломжтой. Иргэд гадаадад зорчихыг урьсан урилга, бүрэн бөглөсөн визний материалтайгаа ирээд дээрх төвүүдээр үйлчлүүлээрэй\” хэмээн Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвөөс мэдээллээ.